Монголын донорын холбооны тэргүүн М. Сосорбарамтай ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сонинд хандах болсон шалтгаан тань юу билээ?
-Монгол Улсын Донорын тухай хууль, Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар цусаа бэлэглэдэг ахмад настан, хүндэт донор, хөдөлмөрийн насны залуу доноруудын нийгмийн хамгааллын асуудлыг зохицуулан хуульчилсан байдаг. Энэ хуулийг дагаж мөрдөх журмыг боловсруулахдаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь журам боловсруулах ажлын хэсэгт Монголын донорын холбоо, ахмад настны ТББ-ыг оролцуулаагүй.
Хоёрдугаарт, ажлын хуралдаанд санал аваагүй. Тэгсэн хэр нь ЦССҮТ-өөс тодорхойлолт гаргуулах санал авсан нь өнөөдөр Монголын донорын холбоо ТББ-д хүндрэл учруулж байна. Цус нь улс үндэсний аюулгүй байдлын салшгүй хэсэг. Сүүлийн жилүүдэд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт эд эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагаа амжилттай хөгжиж байгаа энэ үед чадварлаг эмч нарын баг, эрүүл, аюулгүй донорын цус хоёр л эрдэнэт хүний алтан амийг аварч, амьдрал бэлэглэж байгаа. Донорын цусгүйгээр эрүүл мэндийн салбар хөгжихгүй.
-Тухайлбал, яг ямар асуудал үүсээд байна вэ?
-Монгол Улсын Донорын тухай хуулиар хөдөлмөрийн насны хүндэт доноруудын асуудлыг ЦССҮТ үйлчлүүлэх хүрээнийхээ хувьд хариуцан ажиллах ёстой. Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулиар 100 хувь ахмад настантай Монголын донорын холбоо ТББ-ын үйл ажиллагаа зохицуулагдах учиртай.
Сая Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам журам боловсруулахдаа ЦССҮТ-ийн тодорхойлолтыг ахмад настны хуулийн журам боловсруулж оруулсан нь туйлын буруу. Хуулийн субъект байгууллага нь ч өөрөө биш. Тиймээс асуудал үүнээс болж үүсэж байна. Өөрөөр хэлбэл, ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн дагуу өмнөх журамд Монголын донорын холбооны гишүүний үнэмлэх, МУЗН-ийн гишүүний үнэмлэхийг салгаж болдоггүй ийм хоёр үнэмлэх байгаа юм.
Нэг нь донорын холбооны албан ёсны донор хүний холбоонд бүртгэсэн гишүүний үнэмлэх.Нөгөө нь цусаа өгөөд болзол хангасан хүндэт донорт олгодог медалийн үнэмлэх юм. Энэ хоёр донор нийгмийн халамж, үйлчилгээ авахад хоёулаа оролцож байдаг хуулийн субъект үнэмлэхүүд. Энэ үнэмлэхийн нэгийг нь өнөөдөр хасчихлаа. Үүнээс үүдээд сөрөг үр дагавар үүсэж эхэллээ.
Монголын донорын холбооны гишүүний үнэмлэхийг ЦССҮТ-ийн дэд дарга Т.Алимаагийн ятгалгаар хасах саналыг Эрүүл мэндийн сайдад танилцуулаагүй. Үүнээс болж Эрүүл мэндийн сайд нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам руу явуулах албан тоотоо судалж үзэлгүйгээр гарын үсэг зураад явуулсан нь өнөөдөр асуудал болж байна.
-Танай байгууллага санхүүжилтээ хаанаас авдаг байсан юм бэ?
-Монголын донорын холбооны үнэмлэхийг хассанаар төрийн Чиг үүргийг гүйцэтгэж байсан байгууллагын зохицуулах үйлчилгээ боогдож байгаа гэсэн үг. Монголын донорын холбоо нь ТББ-ын хуулиар гишүүнчлэлтэй байгууллага. Гишүүний тогтсон татварын хэмжээтэй. Монголын донорын холбоо бол орон нутгийн болон улсын төсвөөс санхүүжилт авч байгаагүй. 18 жилийн турш донор гишүүдийнхээ татвар дээр суурилж үйл ажиллагаагаа явуулж ирсэн ийм ТББ.
Гэтэл биднийг санхүүжилтгүй болгоод хохироочихлоо. Өнөөдөр Монголын донорын холбооны энэ асуудал юу болж байна вэ гэхээр олон литр цусаа олон жил бэлэглэсэн, хүний алтан амийг аварсан ахмад хүндэт доноруудыг эгнээндээ нэгтгэсэн донорын холбоо гэж байгууллагыг хоолноос нь салгачихлаа. Бид монголын эрүүл мэндийн салбарын цусны албаны хөгжилд 18 жил хоёргүй сэтгэлээр зүтгэж амжилт дагуулсан салбарынхаа шилдэг байгууллага болтлоо хөгжсөн байхад өнөөдөр хоолноос салгахад маргааш энэ салбартаа ажиллах ямар ч боломжгүй болж байна.
– Танай холбоо ЦССҮТ-тэй ажлын уялдаа холбоогүй юм уу?
-Бид ахмад настны хуулийн дагуу ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа болохоор ажлаа үргэлжлүүлмээр байна. ЦССҮТ Монголын донорын холбооны хамт олны олон жилийн гавьяа зүтгэлийг үнэлж явах ёстой болохоос хоолыг нь булааж иддэг байгууллага биш. Эднийх ахмад настанд үйлчилгээ үзүүлдэггүй, хамтарч ажилладаггүй, бүртгэл, судалгаа байдаггүй.
Зөвхөн ЦССҮТ нь ахмад настны нийгмийн хамгааллын асуудалд санал оруулах хуулийн байгууллага биш байтал дэд дарга Т.Алимаагийн Монголын донорын холбооны үнэмлэхийг хасах хэрэгтэй гэж утсаар ярьсныг ХНХЯ-ны мэргэжилтэн журамд саналыг тусгаж хууль бус шийдвэр гаргаснаар хэл ам дагуулсан.
Өнөөдөр ахмад настны хуульд оролцоод донорын байгууллагын ажлыг шүүрч авч байгаад үнэхээр харамсаж байна. Бид зорилгоо үргэлжлүүлээд залуу доноруудыг бэлтгэх, цус, цусан бүтээгдэхүүний хангамж, нөөцийг сайжруулах, донорын эгнээг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Төрийн албан тушаалтны гарын үсгээр мөнгөн тэмдэгт олгох нь гэмт хэрэг. Үүнийг бид баттай хэлж чадна.
Улсын мөнгөн тэмдэгтийг төрийн байгууллагын даргын тодорхойлолтоор олгодог, ТББ-ын хяналтгүй болчихвол төрийн байгууллага дураараа авирлаж болно. Тиймээс нийгмийн хамгааллын салбарт байгаагүй шинэ гаж тогтолцоо үүсээд байна. ЭМЯ, ХНХЯ-ны төрийн ажилтнууд хуйвалдаж ТББ-ын үйл ажиллагааг зогсоож санхүүгийн хохирол учруулж байна.
-Тэгэхээр Монголын донорын холбоо цаашид яана гэсэн үг вэ?
-Бид Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарын цусны хөгжилд нэмэр оруулаад зогсохгүй жилд 600 литр цус бэлтгэдэг Манай байгууллагын бэлдсэн цус эд эрхтэн шилжүүлэн суулгах хөгжлийн явцад олон хүний амь насыг аварч байгаа. ЭМЯ, ХНХЯ-ны гаргасан зөрчилтэй журам нь сая УИХ-ын чуулган, Засгийн газрын хуралдаанаар ороод Засгийн газрын 2017 оны 197 дугаар тогтоол гараад батлагдчихлаа.
Өнөөдөр ЭМЯ донорын холбооны үнэмлэхийг хасах асуудлыг мэдэхгүй байна. Хэн сайдад оруулж танилцуулсан юм, сайд яагаад гарын үсэг зурсныг мэдэхгүй байна. Төрийн ажилтны хуйвалдаан ТББ-ыг нухчин дарж болдог юм байна гэдгийн жишээ энэ.
Хоёрдугаарт, ЭМЯ, XНХЯ энэ асуудлаа эргэн хараад алдаа гарсныг засаж залруулах шаардлагатай. Хэрэв тэгэхгүй бол бид тэмцэл явуулна гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна. Шинэ сайд нь өмнөх сайдынхаа тушаалыг даруйхан өөрчлөх, донорын нийгмийн асуудлыг зорчилгүй болгох талаас нь шаардлага тавих нь чухал байна.
Эх сурвалж: