Өнөөдөр (2017.09.16) Дашчойлин хийдээс Хүрээ Майдар бурхны сүншиглэх хүрээнд 108 ганжуур эргэх ёслол үйлдэн, гороолж байна.
Ганжуур, Данжуур эргэх ёслолын ерөнхий маршрут нь хуучин хүрээнд байсан 30 аймгийн сууринд эргэж, Дашчойлин хийдээс бүтэн нар зөв тойрох ба нийт 4 км замыг туулах аж. Майдар бурхантай уулзахын ерөөл барилдлагыг оршоох үүднээс тус ажилдаа нийт сүсэгтэн олноо хамруулан буян даган баясуулах зорилготой юм байна.
Энэ бурхан нь ирээдүйн бурхан тул сайн сайхан бүхнийг бэлэгдэж байгаа юм байна. Мөн бурхны сүншигт залах Ганжуур, Данжуур судруудыг тус хийдээс өмнө нь зохих журмын дагуу авсан сүсэгтэн олон өөрсдийн судар дотор гэр бүл, ойр дотны хүмүүсийн нэрийг бичиж үлдээсэн байдаг бөгөөд тэдгээр судрыг ийн Майдар бурхан дотор сүншиг болгон мөнхлөн залж байгаа гэнэ.