Монголчуудын ирэх оны хүнс юу байх вэ? Өнгөрсөн зун нийт нутгаар гандуу байсан нь ургац алдахад хүргэсэн хэмээн хөдөө аж ахуйн салбарынхан болон бусад албаныхан мэдээлж буй. Бороо хургүй зуны халуун, бүгчим өдрүүд манай улсад сүүлийн 60 жил тохиож байгаагүй ган гамшгийг авчирсан аж. Энэ ган зүүн, баруун, төвийн бүсийн урд хэсэгт ургац алдагдахад хүргэж, одоо тариалсан улаан буудайныхаа 54 хувийг хурааж авах гээд сууцгааж байна. Манай улс хүнсний 8 гол нэрийн бүтээгдэхүүний 70 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Харин гурван сая монголчуудын хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний жилийн хэрэгцээ:
- Гурил 92 мянган тонн.
- Гурилан бүтээгдэхүүн 203 мянган тонн. Гурил, гурилан бүтээгдэхүүний 14 хувийг импортоор авдаг.
- Мах, махан бүтээгдэхүүн 184 мянган тонн. Үүний 4 хувийг импортлодог.
- Хүнсний ногоо 184 мянган тонн. Үүний 53 хувийг импортоор авдаг.
- Төмс 129 мянган тонн. Төмсний хэрэглээг 100 хувь дотооддоо хангадаг ч 14 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний төмс импортоор орж ирж байдаг.
- Жимс, жимсгэнэ 166 мянган тонн. 94 хувь нь импортологддог.
- Буурцагт ургамал (вандуй шош) 83 мянган тонн. 100 хувь импортоос хамааралтай.
- Ургамалын тос 23 мянган тонн. Үүний 92 хувийг мөн л импортоор оруулж ирдэг.
- Сахар чихрийн зүйл 21 мянган тонн. Бүгдийг импортоор авдаг.
- Сүү 138 мянган тонн.
- Сүүн бүтээгдэхүүн 184 мянган тонн. Сүү, сүүнээс гаралтай бүтээгдэхүүний 9 хувийг импортоор оруулж ирдэг.
- Будаа 72 мянган тонн. Энэ бүтээгдэхүүн 100 хувь импортын хамааралтай.
- Өндөг 17 мянган тонн байдаг бол 48 хувийг импортоор авдаг.
-Улсын хэмжээнд 1.2 сая га тариалангийн талбай бий ч хөдөө аж ахуйн салбарынхан одоогийн байдлаар 850 мянган га талбайг үр дүнтэй ашиглаж чадаж байна.
-Улсын хэмжээнд тариалдаг нийт ургацын 47.3 хувийг малын тэжээл, 23.6 хувийг тосны ургамал, 75.7 хувийг төмс хүнсний ногоо, 102.3 хувийг төмс, 259.2 хувийг улаанбуудай эзэлдэг.
-Монгол Улс энэ онд 370 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Харин бидний жилийн хэрэгцээ 320 мянган тонн. Энэ онд ургац алдсан учраас нийт хэрэгцээний 50 хувийг ОХУ-аас худалдан авахаар болжээ.
-Тариаланчид болон хөдөө аж ахуйн салбарын бодлогыг тодорхойлогчид гурван сая иргэнийхээ төмсний хэрэгцээг дотооддоо бүрэн хангаж чаддаг. Ган болсон нь хүнсний ногооны ургацад ч муугаар нөлөөжээ. Тиймээс энэ онд тариаланчид төмсний 74, хүнсний ногооны 54 хувийг л хангаж чадахаар байна гэсэн тооцоо гарчээ.
-Энэ шалтгаан намар болгон үнэ нь хямдардаг төмс, хүнсний ногооны үнэд нөлөөлжээ. Энэ намар иргэд хямд ногоо худалдан авна гэж найдах хэрэггүй.
-Импортын улаан буудайг нэг хэлэлцээрийн дагуу нийлүүлнэ. Энэ нь арван гурилын үйлдвэр зэрэг зэрэг ярьж, үнэ өсгөж, унагахаас сэргийлэх арга зам гэж үзэж буй аж. Нэмж хэлэхэд олон жил хадгалсан буудайг хямдхан авч, илүү үнээр шахдаг гэсэн гомдол гаргахгүй гэж салбарын сайд нь мэдэгдээд байгаа.
-Импортын улаанбуудайг үйлдвэрлэгчдэд олгохоос өмнө тэдэнд эхлээд дотоодын тариаланчдын ургацыг нэн тэргүүнд худалдаж ав гэсэн нэг л шаардлагыг тавих гэнэ. Энэ нь дотоодын тариаланчдын улаанбуудайг борлуулж дууссаны дараа импортын асуудлыг ярина гэсэн үг.
-Нэгэнт импортын улаанбуудай оруулж ирж байгаа учраас гаднаас гурил оруулж ирэхгүй аж. Гэхдээ гурилын үнийг өсөхгүй гэж бодлого тодорхойлогчид хэлсэн байна.
Д.ХАЛИУН