Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баянтоорой тосгонд энэ сарын 25-26-нд “Говийн гайхамшигт 6” арга хэмжээг зохион байгуулна. Энэ нь говийн зэрлэг амьтад болох хавтгай, мазаалай, тахь, хулан, монгол бөхөн, хар сүүлт нарыг хамгаалах, амьдрах орчныг нь бүрдүүлэх, экосистемийг тэнцвэржүүлэх зорилгоор мэргэжилтнүүд хуралдах юм.
Өнгөрсөн онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын санаачилгаар “Тахийн талын тунхаг” бичиг байгуулжээ. Энэ хүрээнд Говийн дархан цаазат газрын А хэсэгт орших Толь булаг, Цагаан богдын булгийг тохижуулах, “Говийн гайхамшигт 6”-д орсон амьтдыг олон нийтэд сурталчлан таниулах, хамгаалах талаар маркетин боловсруулах, эрдэмтэн, судлаач, уран бүтээлчдийн аялал зохион байгуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар болсон билээ.