Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг. Тэгвэл энэ сарын 13-ны өдөр Москва хот дахь Монголын улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн хөшөөнд “Мөнх тэнгэр Монгол ахан дүүсийн холбоо” ТББ, тус хотод сурч хөдөлмөрлөж буй оюутан залуусын төлөөлөл цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Хэлмэгдэгсдийн хөшөө байрлах “Коммунарка” нэртэй цогцолбор хуучин ЗХУ-ын ДХЯ-ны нууц объект байсан ажээ. 1930-1941 онд энд Монгол Улсын Ерөнхий сайд агсан А.Амар тэргүүтэй 600-аад хүнийг зөвлөлтийн хуулиар шийтгэн, буудан хороосон байна. 2013 онд цогцолбор хөшөөг сэргээн засварлахдаа цагаатгагдсан 250 орчим хүний нэрийг дээр нь сийлсэн юм.
“Мөнх тэнгэр” ТББ-ын тэргүүн Д.Амарбаясгалан “Яг одоо бидний зогсож буй энэхүү газарт 1930-аад оны улс төрийн хэлмэгдэгсдийг буудан хороосон. Энэ бол манай улсын түүхэн дэх маш том хар толбо. Хэлмэгдэгсдийн дотор БНМАУ-ын улс төр, нийгэм соёлын сор болсон сэхээтнүүд байсан. “Мөнх тэнгэр” ТББ жил бүр хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрөөр ирж хөшөөнд цэцэг өргөн, ойр орчмыг нь цэвэрлэн, арц хүж уугиулж хэлмэгдсэн нутаг нэгтнүүдээ нэхэн санаж, дурсгалыг нь хүндэтгэдэг. Энэ жил ч мөн уламжлал ёсоор монголын оюутан залуусын төлөөлөл хүрэлцэн ирж хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ” хэмээн онцлов.
“1920 оны сүүлчээс “Коммунарка” ЗХУ-ын Дотоод хэргийн ардын комиссариатын газрын дарга Г.Г. Ягодагийн хувийн зуслан байжээ. Энд 1937-1941 оны хооронд хилс хэргээр цаазлагдсан 60 гаруй үндэстэн ястны хүмүүсийг бөөнөөр нь булшилсан юм. 1940 онд хороогдсон хүмүүсийн тухай баримт бичиг байдаггүй. Дайн эхэлсний дараахан буюу 1941 оны 7 дугаар сарын 27, 28, 30-ны өдөр 513 хүнийг, 1941 оны 10 дугаар сарын 16-нд 220 хүнийг буудан хороосон” гэж тус газрын хашаан доторх самбарт бичиж үлдээжээ.
Эх сурвалж: http://www.montsame.mn/read/65669