Мьянмарын Засгийн газрын дайчидтай тэмцэл өрнүүлж буй рохинжагийн босогчид хойп Ракхайн мужийн хүмүүнлэгийн хямралыг зогсоохын тулд нэг сарын хугацаатай галаа зогсоож байгаагаа зарлалаа. “Араканы рохинжаг аврах арми” буюу ARSA-гаас эвлэрэл ням гарагаас хүчин төгөлдөр болно гэж мэдэгдээд Мьянмарын армийг мөн зэвсгээ түр хаяхыг уриалжээ.
Өнгөрсөн наймдугаар сарын 25-нд ARSA Мьянмарын цагдаагийн хэд хэдэн хэлтэс, армийн бааз руу зохион байгуулалттай халдлага үйлдэж, хүчний 12 хүн, 77 босогч (зарим мэдээллээр 120 орчим хүн гэж үздэг) амиа алдсан билээ. Үүний дараахан дайчид хүчний харгис ажиллагаа явуулсан. Үүний улмаас 290 мянга орчим рохинжа үндэстэн Ракхайн мужаас дүрвэж, Бангладеш руу нэвтэрчээ. НҮБ-ын мэдээлснээр Мьянмар улсаас дүрвэсэн рохинжануудад туслахад сайн үйлсийн байгууллагуудад 77 сая ам.доллар хэрэг болоод байгаа гэнэ. Дүрвэгчдэд нэн тэргүүнд хоол хүнс, эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай болоод байгаа аж.
Буддын шашинтан голдуу Мьянмар улсад аж төрдөг рохинжа хэмээх лалын шашинтан үндэстэн тус улсын иргэншилгүй бөгөөд Ракхайн дахь цэргийнхэн болон буддын шашинтнууд тэднийг байнга мөрдөж мөшгиж, тосгодыг нь шатаадаг хэмээн мэдэгджээ. Харин Мьянмараас үүнийг үгүйсгэж, цэргийнхнийг рохинжа “алан хядагчид”-тай тэмцэж байгаа гэжээ.
ARSA-гаас эвлэрлээ өнгөрсөн бямба гарагт зарласан байна. Үүнээс гадна тус бүлэглэлийнхэн хүмүүнлэгийн байгууллагуудыг ажлаа дахин явуулахыг хүсчээ. Одоогоор Мьянмарын засаг захиргаа босогчдын гаргасан санаачилгад ямар нэгэн хариу өгөөгүй байна. Харин Бангладешийн Кокс-Базар тойрогт үйл ажиллагаа явуулж буй хүмүүнлэгийн байгууллагуудын мэдээлснээр энд асар олны тооны дүрвэгч байгаа бөгөөд мянга мянган рохинжа замын хажууугаар зогсож, гуйлга гуйж, хоол олох идэх зорилготой байгаа гэнэ.
“Associated Press”агентлагийн сурвалжлагч нэг эр хоолны дараалалд зогсож байгаад өлсөж, ухаан алдан унаж байгааг харснаа бичжээ. “Өдгөө 60 мянган хүнийг толгой хоргодуулах, хоол хүнс, цэвэр ус, эмнэлгийн тусламжаар хангах, түүнчлэн сэтгэл зүйн тусламж, бэлгийн хүчирхийлэлд өртөгсдөд мэргэжилтний тусламж үзүүлэх шаардлагатай байна” хэмээн НҮБ-ын Бангладеш дахь байнгын зохицуулагч Роберт Уоткинс мэдэгджээ.
Ракхайныг орхисон хүмүүс тосгодыг хэрхэн шатааж, хүмүүсийг нь хөнөөсөн, үүнийг аюулгүйн албаныхан болон буддын шашинт залуус үйлдсэн тухай мэдээлжээ. Тэгвэл Мьянмар улсын Засгийн газар рохинжагийн дайчид болон лалын шашинтнууд өөрсдөө тосгод, гэрээ шатааж, лалын шашинтан бус хүмүүс рүү халдсан, үүнээс болж олон хүн хүчирхийлэлд өртөж, гэрээ орхисон гэж баталж буй юм. Гэхдээ ВВС агентлагийн сурвалжлагч Ракрхайн мужид өнгөрсөн пүрэв гарагт ажиллахдаа орон нутгийн буддын шашинтнууд лалын шашинтнуудын тосгодын шатааж байгааг нүрээрээ үзжээ.
Үүнээс гадна “Amnesty International”олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагаас өнгөрсөн бямба гарагт Мьянмар улсын цэргийнхнийг Бангладештай хиллэдэг хэсгээ минажуулсан хэмээн буруутгасан билээ. Бангладешийн хилийн ажилтнууд хилийн ойролцоо хэдэн зуун цэрэг мина суулгаж байгааг харсан гэнэ. Энэ нь Мьянмарын засгийн газрын хүчнийхэн рохинжануудыг тосгондоо эргэж ирэхгүй болгох зорилгоор хийсэн арга хэмжээ гэж Бангладешийн эрх бүхий албан тушаалтнууд үзэж байна. Мьянмарын засаг захиргаа энэ асуудалд ч ямар ч тайлбар хийгээгүй байна.
Э.МӨНХЗАЯА