Замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, түгжрэл бууруулахаар автозамын зарим уулзварыг өргөтгөх ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 11-р хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажил дуусч, уулзварыг өнөөдөр нээлээ. Уг уулзвар нь зүүн болон баруун талаасаа нэг урсгалаар нэвтэрдэг учир замын түгжрэл ихээр үүсгэдэг байсан юм. Нээлтийн ажиллагаанд Нийслэлийн засаг дарга С.Батболд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын дарга Ж.Чинзориг, Орлогч дарга Х.Пүрэвжаргал нар оролцож, тууз хайчиллаа.
Тус уулзвар нь 1975 онд ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй бөгөөд өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 12-13 метр, 5 эгнээ болж, уулзварын нэвтрүүлэх чадвар 50-60 хувь нэмэгдэж замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа, шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой болж байна.