УИХ-ын чуулган Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд үг хэлэх санал гаргасан гишүүд үгээ хэлсээн байна. Хуралдаан 24.00 цаг хүртэл үргэлжилнэ. Чуулган дээр үг хэлсэн УИХ-ын гишүүдийн яриаг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Засгийн газрыг огцруулах асуудлыг боловсруулж тавьсан байна. Гурван зүйл байна. Боловсон хүчний бодлогын алдаа, Ерөнхийлөгчийн сонгуульд тааруухан дүн үзүүлсэн. Кабинетын удирдлага зохион байгуулалт сул байна. Тэгээд концесс. Ийм зүйлийг ярьж байна. Энэ чинь яг бодоод байхаар манай энэ 65 хүнтэй бүлэг маань чиглүүлж өгсөн юм байгаа юм. Энэ бүхнийг 65 хүнтэй бүлэг дээр дахин дахин ярьсаар байгаад ийм л юм хий. ОУВС-ийн хөтөлбөрт ор, хүүхдийн мөнгийг хас, татварыг хас. Цаг сайжирсан үед нэм, буцаагаад сэргээ. Ийм зүйлүүдийг 65 бүлэг дээр ярьсаар байгаад шийдсэн. Бүлгийн шийдвэргүйгээр Засгийн газар дур мэдээд шийдсэн ажил гэж би бол бас нэрлэж чадахгүй байгаа юм.
Тэгэхээр энэ 65 чинь ямар хариуцлага хүлээх юм. Зүгээр Засгийн газар луугаа бүх юмаа түлхчихээд ямар ч гэмгүй амьтад суугаад үлдэх юм уу. Жишээ нь боловсон хүчний алдаа гаргасан гэж байна. Энэ 65 чинь Засгийн газар луу баахан хүн чихсэн, шахсан. Энэ сайд, дэд сайд, агентлагийн дарга, газар хэлтсийн дарга бүгд рүү нь шахсан шүү дээ. Тэгээд мэргэжлийн Засгийн газар гэдэг юмныхаа утгыг алдагдуулсан шүү дээ. Тэгэхээр 65 чинь үүнийгээ дотроо ярих ёстой байсан юм аа. Харамсалтай нь 65 үүнийгээ ярьж чадахгүй Засгийн газар луугаа чихэж байна.
Хоёрдугаарт энэ Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой гэсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд унасан шалтгаан маш олон байгаа. Зөвхөн Засгийн газар буруутай, үүнээс болоод унасан гэвэл би хувьдаа зөвшөөрөхгүй. Энэ мэтчилэн эхлээд би дотроо юмаа ярья гэж гуйсан л юм даа. Дотроо яръя, Удирдах зөвлөл дээр яръя, намын Бага хурлаа хуралдуулъя, Их хурал дээр яръя. Тэгээд сонгууль дээр хариуцлага тооцох хүндээ тооцоод, шинэ удирдлагаа гаргаж ирээд явъя гэсэн. Энэ хүмүүс зөвшөөрөхгүй байгаа. Эхлээд засгаа огцруулчихаад дараа нь намын Их хурлаа хийе гэдэг юм яриад байна л даа.
Гадуур энэ чинь юу гэж бууж байна гэхээр энэ 65 хүн чинь намынхаа дээр гарчихаж. Удирдах зөвлөлийнхөө хуралд ирдэггүй, бага хурлаа хуралдуулдаггүй ийм нэг улсууд байна гэдэг ойлголт тарж байгаад би харамсаж байна.
Гурав дахь миний хэлэх гээд байгаа юм бол дотроо л асуудлаа шийдэе, энэ 65 хүнтэй бүлэг. Засгийн газартай хариуцлага тооцоё. Гэхдээ үүнийг дотроо ярьж байгаад шийдэе. Энэ Ардчилсан намын оролцоогүйгээр шийдэе л дээ. Тэг гэж энэ 65 суудлыг ард түмнээс бид авсан. Ингээд өнөөдөр дотроо учраа олж чадахгүй байна гэдэг бол энэ 65 хүнтэй бүлэг цаашид улс орныг аваад явж чадахгүй байна гэдэг ийм ойлголт хүмүүст төрөөд байна.
Би үүнд үнэхээр харамсаж байна. Энэ хариуцлага, алдааны тухай яриад байна. Жилийн өмнө би энэ анхдугаар чуулган дээр Засгийн газар байгуулагдахад зарчим алдагдаж байна шүү гэж хэлсэн л дээ. Тэгэхэд хэн ч дэмжээгүй шүү дээ. Нээрээ тийм юм боллоо гэж хэн ч хэлээгүй. Харин ч та жаахан буруу юм яриад байна шүү гэж байна. Тэгээд хүн шахах гээд л дагаад давхиад байсан. Өнөөдөр бүдрэхээр нь өвдөглөөд тохойлдоод байгаа энэ явдал надад таалагдахгүй байгаа юм аа. Хоёр сарын дараа намын их хурал болно. Тэр чинь Ерөнхий сайд болоод Засгийн газраа толгойлоод явж болно. Тэр үедээ л шийдэе л дээ. Хоёрхон сар хүлээчих.
https://www.youtube.com/watch?v=J2i1aKpR4YE&feature=youtu.be