УИХ-ын чуулган Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы хуралдаанд үг хэлэх санал гаргасан гишүүд үгээ хэлсээн байна. Хуралдаан 24.00 цаг хүртэл үргэлжилнэ. Чуулган дээр үг хэлсэн УИХ-ын гишүүдийн яриаг хүргэж байна.
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд:
Засгийн газрыг огцруулах үндэслэлийн тухайд бол бид дандаа олонхоороо ярьж, мэдээж тэр дотор дэмжиж байсан хүн ч байсан, дэмжээгүй нь байсан. Гэхдээ л нам гэдэг цул утгаар хэлэлцээд, олонхоороо ийм шийдвэр гаргая гээд энэ ОУВС-ын хөтөлбөрт хамрагдах, бусад хүнд шийдвэрүүдийг гаргасан.
Тэр үед ийм шийдвэрийг гаргачихаад одоо би энэ Засгийн газрыг огцруулна аа гэж би хэлж чадахгүй байгаа юм. Одоо бол тэр үед би эсрэг байр суурьтай байсан гэж ярих нь утгагүй. Тэгж яривал дараагийн удаа ахиад “Би тэр үед эсрэг байр суурьтай байсан учраас энэ Засгийн газрыг огцруулна” гэдэг асуудал автоматаар хөөрөх ийм жишгийг бид нар тогтоож байгаа юм.
Тэгээд нэг нам, түүхэндээ парламентын суудлынхаа бараг 80 орчим хувийг ганцаараа авсан нам. Өөрөө өөрийнхөө Засгийн газрыг бодлогоор дотроо ярьж байгаад сонгууль явуулаад, өөрчлөөд бодлогоо засаад явж байх юмыг мэдэхээс биш жоохон ганц бүлэг хүрэх төдий сөрөг хүчинтэйгээ нийлээд Засгийн газраа унагаж байсан юм миний мэдэхийн байхгүй юм байна. Би үүнд их харамсаж байна.
Яагаад би энийг эхнээс нь болохгүй ээ, одоохон намын бага хурал, их хурал болно. Тэр үед нь нэг мөсөн юмаа цэгцлээч. Засгийн газрыг огцруулж болно. Огт огцруулахгүй гэсэн юм байхгүй. Алдаатай юм байна, гэхдээ үүнийгээ дотроо шийдэе, намын Бага хурлаараа яръя. Их хурлаараа яриад шийдэе. Намын гишүүдээ асууя гэдэг юмыг санал болгосон.