Өнгөрсөн долоо хоногт улстөрийн хүрээнд гурил, малын тэжээлийн гаалийн татварын хэрүүлээр МАН, ҮХЦ-ийн хуулиар АН завсарлага авч, нийслэлийнхэн “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийнхэнтэй дахин заргалдав. Мөн давж заалдах шатны шүүх 14 хоног үргэлжилсний эцэст Хөгжлийн банкны хэргийн 80 шүүгдэгчээс 10-ыг нь гэмт буруутайд тооцож, 27-г нь цагаатгасан шийдвэрлэлээ.
-Малайзын төрийг “дөнгөсөн” Сү.Батболдын $14.9 саяын “луйвар” ил болов-
Хамгийн дуулиантай сэдэв нь УИХ-ын гишүүн Сү.Батболдын луйвар байв. Малайзын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн мягмар /2024.03.19/ гарагт болсон. Шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд дурдагдаж, баримт дэлгэгдлээ.
Малайзын Сангийн яамны 100 хувь харьяа, төрийн өмчит стратегийн хөгжлийн 1MDB компани 2011 оны нэгдүгээр сард SRC International гэх компанийг байгуулжээ. SRC International гэх компани нь АНЭУ-ын “Аабэр” гэх компанийг 50/50 хувийн эзэмших эрхтэйгээр 2011 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр байгуулжээ. Үүнээс сарын дараа 2011 оны арванхоёрдугаар сарын 8-нд ямар ч ТЭЗҮ байхгүй, нотлох баримтгүйгээр “Gobi Coal Energy” компанид 14.9 сая ам.долларын хөрөнгө улсынхаа баялгийн сангаас оруулсан байгаа юм.
-Гурилын үнийг гаалийн татвараас чөлөөлөх асуудлаар МАН саналаа нэгтгэхээр завсарлага авав-
Хамгийн том маргаан дагуулсан сэдэв нь гурилын үнийг гаалийн татвараас чөлөөлөх эсэх асуудал байв. Засгийн газар үнийн өсөлтийг хязгаарлахын тулд гурилыг импортын татвараас чөлөөлөхөө байгааг мэдэгдсэн.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дотоодын үйлдвэрлэгчдийн дээд гурил 1кг 2300 орчим. Гэтэл адилхан бүх үе шатаа дамжсан, хэдэн мянган км тээврийн зардал шингээсэн импортын дээд гурил 1500₮-1800₮ (1кг) болж байна” гэсэн
Шадар сайд С.Амарсайхан “Үндэсний үйлдвэрлэгчид зохих хэмжээний үнээр нийлүүлж чадахгүй бол импортын сувгаа нээж, тэнцвэржүүлэх ёстой” гэсэн.
Гэвч тариаланчид болон дотоодын гурилын үйлдвэрийн дарга нар эсрэг байр сууриа нийгмийн сүлжээнд илэрхийлж буй.
Улмаар баасан гарагийн /2023.03.22/ УИХ-ын чуулганы хуралдаанаар гурилын үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэн ч, МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэхээр тав хоногийн завсарлага хүсч, дөрөв хоногийн завсарлага авав. Ирэх долоо хоногийн чуулганаар энэ асуудал нэг тийш болно гэсэн үг.
-Дөрвөн парламент дамнан хойшлогдож, 32 жил болж буй ҮХЦ-ийн тухай хуулиар АН-ын бүлэг завсарлага авав–
Баасан гарагийн чуулганаар мөн 32 жил өөрчлөгдөөгүй ҮХЦ-ийн тухай хуулийг хэлэлцэв. ҮХЦ-ийн тухай хуулийг анх 23 зүйлтэй баталж байсан ч, 12 удаа нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдрийн байдлаар 13 зүйл нь анх батлагдсан хэлбэрээрээ мөрдөгдөж байгаа юм.
Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтөөр маш олон заалт шинэчлэгдэж байгаа гэж хууль санахчлагч тайлбарлав.
Тухайлбал, ҮХЦ-ийн гишүүнд тавигдах болзол, шаардлагыг тодорхой болголоо. Нэгт, ҮХЦ-ийн гишүүн нь шүүгчээр ажиллах наад захын шаардлага хангасан байх ёстой гэж үзлээ. ҮХЦ-ийн гишүүн эрхзүйч байх, хууль зүйн дээд боловсролтой байх нь зохистой. Сүүлийн дөрвөн жил улстөрийн намын удирдах албан тушаал эрхлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн шаардлагыг нэмж тусгалаа. Хоёрт, ҮХЦ-ийн гишүүнийг зөвхөн нэг удаа дахин томилж болох өөрчлөлтийг тусгалаа. Гуравт, Бүрэн эрхийн хугацаа дуусчхаад байхад дараагийн гишүүнийг нэр дэвшүүлэхгүй удах, нэг хоёр жил болох гэх мэт эрхзүйн хийдлийг өнгөрсөн хугацаанд бий болгосон. Иймд, цэцийн гишүүнийг томилох хугацааг нарийвчилж тусгалаа. Дөрөвт, нэр дэвших, томилох журмыг тодорхой тусгалаа. Тавд, ҮХЦ-ийн гишүүнд нэр дэвшигчийн мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулна гэсэн өөрчлөлтүүдийг танилцуулав.
Гэвч АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч, Ц.Мөнх-Оргил гишүүнээр зэмлүүлэв.
–Хотын дарга Х.Нямбаатар өмнөх дарга нараа АТГ-т шалгуулна-
Хотын дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн газраа эргэж, зарагдсан газруудаас төлбөр авахаа мэдэгдэв. 1999-2005 оны хооронд М.Энхболд, 2005-2007 оны хооронд Ц.Батбаяр нар ажиллаж бйсан. Тэдний үед Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар ийн хэдэн хэсэг хуваарилагдсан ажээ. Ямартай ч үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулахаар боллоо.
Нийслэлийн Засаг даргын 2005.09.26-ны өдрийн 399 дүгээр захирамжаар нэр бүхий долоон иргэн болох А.Дариймаа, С.Жалан-Аажав, Б.Батбаяр, Б.Баярмаа, А.Сарантуяа, Э.Жаргалан, Э.Батзаяа нарт нийт 3,500 ам метр газрыг амины сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр эрх шилжүүлсэн байна. Үүнд нь Н.Багабандийн хоёр хүүхэд, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын хоёр хүүхэд багтсан байдаг.
Мөн
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий компаниуд
- АН-ын гишүүн, “М-Ойл” группийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн хамаарал бүхий “Бумбын шовх” ХХК
- Соёлын сайд Ч.Номингийн аав болох Л.Чинбатын хувь эзэмшдэг “Мөнх-Улз” ХХК аваад байгаа нь нэрлэгдэв.
–Ё.Баатарбилэг хэргээс мултарч, нөгөө гурав нь цагаадсан хэвээр үлдэв-
Хөгжлийн банкны 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шүүх 14 хоногийн хугацаанд үргэлжилж, шийдвэр гаргалаа.
80 хүнээс 27 шүүгдэгчийг цагаатгах шийдвэр гаргаж, 10 хүнийг л гэм буруутай гэж тооцов.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нарыг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээлээ. Н.Алтанхуягийн хувьд Засгийн газартай холбоотой шийдвэрийг шүүх хянах гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нь тогтоох боломжгүй гэж үзсэн. Харин Н.Батбаярын хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан учраас цагаатгав.
УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт холбогдох хэргийг дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болголоо. Учир нь, үндэслэлгүй хөрөнгөжсөнийг нарийвчилсан байдлаар дүгнээгүй, зээл нь байр худалдаж авахад цаг хугацаа нь таарч байгааг шалгаж, дүгнэх шаардлагатай. Анхан шатны шүүхээс түүнд ЗУРГААН жилийн хорих ял оноосон ялаас мултрав.
УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарт холбогдох хэргийг цагаатгасан шийдвэрийг хэвээр үлдээв.
Эх сурвалж: https://eguur.mn/483529/