Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн 18 дугаар хуралдаан энэ цаг мөчид үргэлжилж байна. Энэ үеэр Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хандан, “но”-той ногоон автобусны асуудлаар тавьсан асуулгын хариуг нэхсэн юм.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Иргэн А.Ганхуяг /”Тэнүүн огоо” компанийн захирал/ гэдэг хүн ногоон автобусаа иднэ үү, шатаана уу, хадгална уу, тэр хүний асуудал. Та ногоон автобусыг яагаад хилээр буцааж гаргахгүй байгаа юм бэ гэсэн байна лээ. Ногоон автобусаар та бүхэн өнгөрсөн жилээс хойш улс төрийн хонжоо хайж байгаа. Бид нар эсрэгээрээ нийслэлийг хохиролгүй болгох ажлаа гүйцэтгээд явж байна. Өнөөдөр 16:00 цагт Засаг даргын зөвлөлийн хурлаар үнэлгээтэй холбоотой асуудлыг хэлэлцэнэ. Мэргэжлийн байгууллагаас зөвшөөрөл авсан тусгай зөвшөөрөлтэй компаниар үнэлгээ хийлгэсэн. Энэ асуудлыг хэлэлцсэний дараа асуулгын хариуг өгье. Ер нь бол асуулгын чинь ихэнх нь Прокурор болон Авлигатай тэмцэх газартай холбоотой мэдээлэл байсан” гэлээ.
Нийслэлийн нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх шийдвэр гарснаар “Тэнүүн огоо” компани нь Вьетнамд угсарсан 100 автобусыг тендергүйгээр оруулж ирсэн. Уг автобус нь угсарсан байснаас асуудал үүсч, тус компанийн захирал А.Ганхуяг болон Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван тэргүүтэй хувь, албаныхан нийлсэн хүмүүсийг Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн онд саатуулан, цагдан хорьсон юм. Тендер зарлалгүйгээр автобусыг шууд оруулж ирсэн нь “но”-той автобус оруулж ирэх үндсэн шалтгаан болж, 130 гаруй тэрбум төгрөгийн хохирол үүссэн гэж хуулийн байгууллагынхан үзсэн. Энэхүү хохиролд “Тэнүүн огоо” компанийн өмч хөрөнгийг нийслэлийн харьяанд авна гэдэг асуудлыг Улаанбаатар хотын захирагч мэдэгдэх болсон юм.
Эх сурвалж: https://news.mn/r/2710198/ Г.ХОРОЛ