Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн ээлжит хуралдааны үеэр Хотын дарга хууль бусаар зарсан газрын асуудалтай холбогдсон албан тушаалтнуудын мэдээллийг олон нийтэд ил болгож, хуулийн байгууллагаар шалгуулна гэдгээ мэдэгдэв. Тухайлбал, “Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлага дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана гэлээ.
Хотын дарга Х.НЯМБААТАР:
-“Суруга Монгол”-ын газрыг хуулийн байгууллагын удирдлагууд дээрэмдэж, бетонон ширэнгэ болгосон баримтыг ил гаргана. Богдхан уулын дархан цаазат газрыг үе үеийн Байгаль орчны сайд нар зарж, бүх аманд нь отог нэрээр газар авч, барилга барин өнөөдрийн нөхцөлийг үүсгэсэн байгаа юм. Сургууль, цэцэрлэгүүдийн газрыг бусдад олгосон мэдээллүүдийг нэгтгэсэн. Мөн сул газрыг эзэмшиж, хороолол босгосон мэдээллүүдийг ч нэгтгээд байна. “Ээрмэл” болон “Моннис” компаниудын ойр орчмын газрыг төрөхдөө л өмчилж авсан аятай аашилж байгаа н.Мөнхжаргал гэдэг хүнийг уулзалтад дуудахад ирдэггүй. “АПУ” ХК-ийн хажуугаар зам тавих ажлаар шүү дээ. Гэтэл “Таван толгой” ХК-ийн 50 хувийг эзэмшдэг н.Мөнхжаргал гэдэг хүн тэр орчмын газрыг ам метрийг нь үнэтэй зардаг байх жишээтэй. Хоёрдугаар төрөхийн газрыг “Түшиг” их дэлгүүрт хэрхэн зарсан асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулж, газрыг нь төрөх эмнэлэгт буцаан шилжүүлнэ.