Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр /2024.02.23/ НИТХ-ын ээлжит бус хуралдааны үеэр нийслэлчүүдэд хандан муу мэдээ дуулгав. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр /2024.02.22/ болсон. Энэ жил эрчим хүчний дутагдаж байгаа хэрэгцээгээ сөөлжилж, ид хүйтний ард гарах гэж байх шиг байна. Ирэх гуравдугаар сард цаг агаар ямар байхыг хэлж мэдэхгүй. Хятадын нэг мужид өнгөрсөн долоо хоногт 1.8 хэм дулаан байж байгаад хоёр хоногийн дараа 52 хэм хүрч хүйтэрлээ. Энэ бол байгалийн онцгой үзэгдэл боллоо. Манайд ч гэсэн энэ үзэгдэл ажиглагдаж байна. Биднийг хүүхэд байхад гуравдугаар сард шалдан нүцгэн хичээлийн формтойгоо гүйдэг байсан. Цаг уурын байгууллага гуравдугаар сарын цаг агаарыг урьдчилан тооцоход бэрх байна гэдгийг хэлж байгаа. Ирэх оны өвлийн улиралд эрчим хүчний хүндрэлтэй нүүр тулна. Магадгүй ирэх жил 50, 50 хувийн хязгаарлалт хийх байдалтай байна” гэсэн юм.
Мөн тэрбээр “Бидэнд өгсөн холболтын зөвшөөрөл, гэр хорооллын айлууд цахилгаан зуух руу шилжиж байгааг харахад ийм нөхцөл байдал руу явлаа. Би удахгүй Засгийн газрын хуралдаанд энэ мэдээллийг танилцуулахаар бэлтгэж байна.
Хэрэв бид ирэх гурав, дөрөвдүгээр сард яаралтай экстрим шийдвэр гаргаж, эрчим хүчний хангамжийн чиглэлээр аравдугаар сараас өмнө шинэ эх үүсвэрүүдийг шийдэж чадахгүй бол том бүтээн байгуулалт болон бусад ажлыг хийж чадахгүй. Энэ талаарх төлөвлөгөөг танилцуулахаар бэлдэж байна. Дулаан хангамжийн хувьд, яаралтай дөрвөн станцыг барих шаардлагатай. Одоогийн байдлаар хөрөнгөө батлуулж, газрынхаа асуудлыг хэлэлцэж байна. Энэ дөрвөн станцыг богино хугацаанд байгуулж, төвийн дулаан хангамжийг дэмжихгүй бол ирэх жил хөлдөнө. Цаана нь нэн яаралтай барих дахин дөрвөн эх үүсвэр байгаа” гэдгийг онцлов.