Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XVI хуралдаан болж байна.
Энэ үеэр Ард кино театр байсан газарт баригдах барилгатай холбоотойгоор Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга хэлэхдээ “Ард кино театр өмч хувьчлалаар “Од” ХХК-д шилжсэн байдаг. Дараагаар нь 2019 онд нийслэлийн Засаг даргын захирамжаар “Худалдаа, нийтийн үйлчилгээний газар цогцолбор” гэсэн зориулалтаар 3,500 м.кв газрыг олгосон.
Үүнээс өмнө буюу 2015 онд тухайн байршилд үйлчилгээ, конторын зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан байсан. Энэ нь тухайн үед иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад шүүхээр орсон. Тэгээд уг барилга эзэмшигч өөрөө уг барилгыг барихгүй гэсэн шийдвэр гаргаж, даалгавар загвар зураг хүчингүй болсон байсан.
2022 онд “Од” ХХК-аас дахин хүсэлт ирүүлж, “Од” театрын худалдаа, нийтийн үйлчилгээний төв цогцолбор гэсэн зориулалттай архитектур төлөвлөлтийн даалгавар тус онд батлагдсан. Загвар зураг нь мөн адил 2022 онд батлагдсан. Уг барилга нь 26 давхар бөгөөд одоогоор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ буюу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй байгаа” гэв.