ХУД-ын ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар болон иргэд Туул гол дагуу барилга дахин бариулахгүй талаар Засгийн газар, нийслэлийн холбогдох шатны дарга нарт албан шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.
“Хан-Уул дүүргийн 18, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй барилгуудын талаар холбогдох албан тушаалтнуудад удаа дараа бичиг хүргүүлсэн. Туул голын эрэг дагуу баригдсан бүх барилга усанд живж байна. Бороо орсоны дараа албан тушаалтнууд мэдэгдэл хийж, асуудлыг шийдэх гэж байгаа юм шиг дүр эсгэхээ болих хэрэгтэй.
Асуудлыг сарниулахын тулд цуцалсан шийдвэр гаргаж тоглоом тоглохоо болих хэрэгтэй. Барилга барих техникийн тусгай зөвшөөрөл болон бусад дагалдах зөвшөөрлүүдийг өгдөг дарга нарын гарын үсэгнээс болж иргэд хохирч, мөн улсын төсөвт хохирол учирч буй. Иймээс барилга барих хууль бус зөвшөөрлийг өгсөн үе үеийн хотын дарга нар, орлогч дарга нар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний дарга нарыг 461 дүгээр хорих ангид хорьж, хөрөнгийг нь хурааж, тус хөрөнгөөр хохирол барагдуулах ёстой. Түүнээс биш иргэдээс баруун солгойгүй татвар авч, тус мөнгөөр нураагдах барилгуудыг хохирлыг барагдуулж болохгүй” гэлээ.