Улсын Их Хурлын 2023 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан гишүүдийн ирц бүрдсэнээр Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэв.
Засгийн газраас нэгдүгээр сарын 10-нд өргөн барьсан уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж төслийн талаар Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёолол бүрээр санал хураажээ.
Тухайлбал, төслийн 14 дүгээр зүйлд “Энэ хуулийн 14.1.2, 14.1.4-т заасан тусгай зөвшөөрлийг нэг хуулийн этгээдэд давхардуулан олгохыг хориглоно.”гэсэн агуулгатай 14.4 дэх хэсэг нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Мөн төслийн 31 дүгээр зүйлд “Төмөр замын суурь бүтэцтэй огтлолцох авто зам болон бусад төрлийн суурь бүтцийн зураг төслийг боловсруулахдаа төрийн захиргааны байгууллагатай зөвшилцөнө” гэсэн 31.4. дэх хэсэг болон “Энэ хуулийн 31.1-д заасан “бусад төрлийн суурь бүтэц” гэж “метро, трамвай, соронзон болон тусгай загвар бүхий түүнтэй адилтгах нийтийн тээврийн төмөр замыг ойлгоно.” гэсэн тайлбар нэмэх Ажлын хэсгийн саналыг дэмжих нь зүйтэй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэв.
Мөн Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд “Төмөр замын зураг төсөл боловсруулах, техник, технологийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ, суурь бүтцийн болон хөдлөх бүрэлдэхүүний эд ангийг үйлдвэрлэх, угсрах, засварлах үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр хэрэгжүүлэхээр зохицуулсан Төмөр замын тээврийн тухай (Шинэчилсэн найруулга) болон хамт баталсан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу холбогдох зөвшөөрлийг нэмэх, задлах, хуваах, салгах, түүний хамрах хүрээг өргөжүүлэх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсний дараа дагаж мөрдөнө.” гэсэн агуулгатай 4 дүгээр зүйл нэмэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 58.5 хувь нь дэмжлээ.
Ингээд Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлжээ.