“УЛААНБААТАР 2023” ЗҮҮН АЗИЙН ЗАЛУУЧУУДЫН НААДАМД ДОТООДЫН 1400 САЙН ДУРЫН АЖИЛТНЫГ ШАЛГАРУУЛЖЭЭ
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ирэх наймдугаар сарын 16-23-нд Зүүн Азийн залуучуудын наадам 11 спортын 12 төрлөөр зохиогдоно. Анх удаагаа манай улсад болох тус наадамд урьдчилсан байдлаар 1507 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Тэгвэл наадмын сайн дурынхны “Come together” нэгдсэн арга хэмжээ өчигдөр боллоо.
“Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадмыг өндөр зохион байгуулалттай, оролцогч бүрийн сэтгэлд хүрсэн байдлаар зохион байгуулахад мэргэжлийн боловсон хүчнээс гадна сайн дурын ажилтнуудын мэдлэг, туршлага, оролцоо ихээхэн чухал. Иймээс “Улаанбаатар 2023” Зүүн Азийн залуучуудын наадам зохион байгуулах хороо ХК-аас үүнд анхаарал хандуулан ажиллаж байна.
Наадамд 1000 гаруй сайн дурын ажилтан ажиллуулахаар төлөвлөсөн бөгөөд сайн дурын ажилтны бүртгэлийг цахимаар хоёр сарын туршид олон нийтэд нээлттэй явуулсан. Цахим бүртгэлд 2882 сайн дурын ажилтан бүртгүүлсэн юм. Үүнээс гадаадын 156 сайн дурын ажилтан хүсэлт илгээснээс 35 сайн дурын ажилтан, мөн дотоодын 1400 сайн дурын ажилтныг сонгон шалгаруулаад байна.
Сайн дурын ажилтнууд нь наадмын бэлтгэл ажлын үед болон наадмын үеэр спортын бүсүүдийг хариуцах, тамирчид, хэвлэл мэдээллийнхэн болон үзэгчдэд мэдээлэл түгээх, тамирчдыг хуваарийн дагуу оролцоход чиглүүлэн туслах, олон улсын баг тамирчдыг бүртгэх, онгоцны буудлаас тосох, үдэж гаргах, шаардлагатай үед орчуулга хийх, мэдээллээр хангах, наадмын нээлт, хаалтын үед туслах, мөн шаардлагатай үед эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх юм. Түүнчлэн наадмын үзэл санааг олон нийтэд түгээх, наадамд оролцогч тамирчид, зочид төлөөлөгчдийг хариуцан ажиллах, дурсамж бүтээхэд нь хувь нэмрээ оруулан ажиллана.