Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-ын ээлжит бус хуралдаан энэ сарын 30-нд болно.
Уг хуралдаанаар хэлэлцэх асуудлуудыг Ажлын хороод нь тогтоожээ. Тухайлбал, Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны өчигдрийн хуралдаанаар Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг хэлэлцсэн байна.
Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 21, 32 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрээс төмөр замын чигийн дагуух 496 га зурвас газрыг тусгай хэрэгцээнд авах саналыг боловсруулсан байна.
Тус төмөр замын трассын нийт урт нь 144.9 км урт бөгөөд нийт 1,207 нэгж талбарыг дайран өнгөрч байгаа юм. Тиймээс трассын дагуух газрын хил заагийн эргэлтийн цэгийн солбицол, талбайн хэмжээг тогтоож, бүтээн байгуулалт хийх газруудад шинээр газар олгохгүй байх, барилга байгууламж барихыг хориглох талаар арга хэмжээ авч ажиллах ажээ.
Энэ асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэнэ хэмээн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс нь мэдээллээ.
Богдхан төмөр зам баригдсанаар орон нутгаас орж ирж буй ачаа тээврийн авто машинууд нийслэл дундуур явахгүйгээр шууд Хөшигтийн хөндий дэх төмөр замын ачаа тээврийн агуулахаас бараагаа шилжүүлэн ачиж, тээвэрлэлтээ цааш үргэлжлүүлэх боломжтой болно. Мөн энэ ачаа эргэлтийг даган томоохон худалдааны төвүүд Хөшигтийн хөндийд шилжин байрших, хүнд даацын автомашинууд хотын авто замын хөдөлгөөнд оролцож түгжрэл үүсгэхгүй болох зэрэг олон эерэг үр дүн гарахаар тооцож байгаа бөгөөд уг бүтээн байгуулалтад 630-700 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэх урьдчилсан тооцоолол бий.