Монголын Тогтвортой Санхүүгийн Холбоо (ТоС Холбоо), Азийн сан болон Худалдаа, хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хурдасгуур хөтөлбөр”-ийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.

ТоС Холбоо нь Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2021-2022 онд Жендерийн мэдрэмжтэй санхүүгийн салбарыг хөгжүүлэх хүрээнд банк санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүн, үйлчилгээнд суурь үнэлгээ хийх, Монгол Улсын санхүүгийн салбарын жендерийн хүртээмжтэй байдал болон эмэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн хөгжүүлэх гарын авлага боловсруулах гэх мэт нэлээдгүй ажлуудыг хэрэгжүүлсэн билээ. Уг төслийн үеэр эмэгтэй бизнес эрхлэгчдэд тулгардаг томоохон сорилт нь санхүүгийн байгууллагуудаас зээл, санхүүжилт авах явдал гэдэг нь тодорхой ажиглагдсан юм. Эмэгтэй бичил, жижиг бизнес эрхлэгчид нь банк санхүүгийн байгууллагын санхүүжилт хүртэж чаддаггүй нэг шалтгаан нь тэдний хувьд бизнесийнхээ санхүүгийн төлөвлөлт, зарцуулалтаа удирдах ур чадвар дутмаг байдалтай мөн холбоотой байсан юм.

Тиймээс энэхүү “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн санхүүгийн хурдасгуур хөтөлбөр”-өөр дамжуулан бичил, жижиг бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд санхүүгээ удирдахтай холбоотой мэдлэг, чадвар, туршлагыг олгохыг зорьж байна.

Нийт дөрвөн сарын хугацаанд хэрэгжих уг хөтөлбөрийн хүрээнд 25 эмэгтэй бичил, жижиг бизнес эрхлэгчийг шалгаруулсан бөгөөд санхүүгийн цуврал сургалтуудад хамруулах, оролцогч бүрд тусгайлсан зөвлөгөө өгөх, ХХБ-ны харилцагчдын туршлагатай танилцах болон хөтөлбөрийг амжилттай дуусгасан оролцогчдоос шалгаруулан бизнесээ өргөжүүлэх санхүүжилтийг олгох юм.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн