УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Ээлжит бус чуулган зарлаж, МАН-ын гишүүд давхар дээл өмсөөд өнгөрсөн. Гэтэл иргэд өнөөгийн нийгэм, улс төрийн тогтолцоогоо өөрчлөхөөс өөр аргагүй гэдгийг одоо ойлгож эхэлсэн.
“Монгол ялна” гэж уриалж гарсан Ерөнхийлөгч өнөөдөр эх орноо ялагдуулаад өөрөө зугтаасан байгаа шүү.
Үүнтэй ижил “Хүчээ нэгтгэе” хэмээн гарч ирсэн эрх баригчид хүчээ нэгтгээд улс орноо хөгжүүлж чадсан уу? Би бол чадахгүй байна гэж дүгнэдэг.
Олон улсын байгууллагад ажиллаж байхдаа Францын колоничлолд байсан улс орнууд, Латин Америкт очиж, эдийн засгийн үнэлгээг нь хийдэг байсан.
Тэгэхэд Төв Азийн удирдагч нар “Бидэнд байдаггүй нэг чухал зүйл танай улсад бий. Тэр нь парламентын ардчилал. Үүнийгээ битгий алдаарай. Сайн ч бай, муу ч бай парламент чинь тусгаар тогтнолоо хамгаалж үлддэг юм аа” гэдгийг надад захиж байсан юм.
Тиймээс одоо байгаа давжаа парламентын ардчиллаа бэхжүүлж, тогтолцоогоо сайжруулснаар манай улсын тусгаар тогтнол, эдийн засгийн хараат бус байдалд чухал ач холбогдолтой” гэдгийг онцолж байлаа.