2023 оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэлх хугацаанд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн VI-XII ангийн нийт 400 гаруй мянган сурагчийн англи хэлний мэдлэг, практик хэрэглээг сайжруулж, мөн англи хэлний нийт 3000 гаруй багшийг чадавхжуулна.
Хиймэл оюунд суурилсан технологиор дамжуулан Оксфордын тусгайлан хөгжүүлдэг контентуудыг хүргэж ажиллах юм байна. Мөн хүүхэд бүрийг тэгш боломжоор хангах, багш нарын ажлын ачааллыг хөнгөлөх, чадавхжуулах, англи хэлний боловсролын ерөнхий түвшнийг тогтмол нэмэгдүүлэхэд чиглэх оновчтой бодлогыг нарийн тодорхойлоход туслах их өгөгдөл бий болж, цаашид бодлого тодорхойлогчдод дэмжлэг үзүүлнэ.
Төслийн хүрээнд ашиглах “Астрид” аппликейшн нь интернэтийн хэрэглээ бага шаарддаг.
“Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд тодорхой хөтөлбөрт хамрагдаж байгаа сургуулиуд болон сургалтад хамрагдаж байгаа багш нар энэхүү төсөлд хамрагдахгүй.
Уг төслийг хэрэгжүүлэгч “Гүрэн” академи боловсролын хүртээмжийг сайжруулах зорилгоор 17 сая ам.доллартай тэнцэхүйц төслийг Америк-Шведийн “Астрид” компанитай үзэглэснээр тухайн төсөл Монголд хэрэгжих боломж бий болсон билээ.
Төслийн нэгдүгээр шатанд:
Монгол Улс даяар Англи хэлний багш нарт сургалт чиглүүлэлт өгөх
Хоёрдугаар шатанд:
Нийт 400 мянган хүүхдэд “Aстрид” аппликейшн платформ дээр нэвтрэх эрх нээж өгөх бөгөөд бүх өгөгдөл мэдээллийг багш харах, түүнд суурилсан нэмэлт шийдвэрүүд гаргах, даалгавар өгөх гэх мэтээр датад суурилсан шийдвэр гаргалтуудад чиглэх боломжтой.
Гуравдугаар шатанд:
Монголын тухай контент нэмэгдэж, Монгол төдийгүй олон улс даяар тухайн аппликейшнийг хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрхэн ашиглаж байгааг харах боломжтой болно. Энэ нь нөгөө талаас соёлын сурталчилгаа болох юм байна.