Сар бүрийн 3-ны “Цусаа бэлэглэх өдөр”-ийн 91 дэх удаагийн үйл ажиллагаа өнөөдөр тохиож байна.
ЦССҮТ-ийн дарга Н.Эрдэнэбаяр хэлэхдээ, “Цусны донор, цус, цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлнэ гэдэг хамгийн чухал асуудал юм. Энэ бол зөвхөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эрүүл мэндийн байгууллагуудаас гадна ЭМЯ, тухайн улсын Засгийн газраас онцгойлон анхаардаг. Монгол Улсын хувьд УИХ-аас цусны нөөц, аюулгүй байдлын тухай бодлого гарч, энэ чиглэлд Засгийн газрын үйл ажиллагаа, төлөвлөгөөнүүд батлагдаж амжилттай хэрэгжсэн. Энэ хүрээнд ЦССҮТ аймаг, орон нутагт байгаа цусны төвүүдийг цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх орчин үеийн иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангаж цус, цусан бүтээгдэхүүний нөөцлөх хүчин чадал өмнөх үеийнхээс улсын хэмжээнд тав дахин, Улаанбаатар хотын хэмжээнд гурав дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна” гэв.
Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сайн дурын, авлагагүй, цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын үйлсийг сурталчлах, алдаршуулах, урамшуулах зорилготой энэхүү үйл ажиллагааны үеэр 70 буюу түүнээс дээш удаа цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн “Хүндэт донор” Ц.Сонинхангай, Н.Ариунбаяр, С.Хангай нарт “Хүрэл донор” цол тэмдэг, “Хүндэт донор” Т.Дээдэнцэцэг, Ю. Бат-Эрдэнэ “Бахархал 50”, ”Бахархал 40” тэмдэг, мөн цусны донор н.Гүнбилэгт “Бахархал 30“, Д.Ариунбилэг, Х.Энгүүнзаяа нарт ”Бахархал 20”, “Бахархал 10” тэмдгийг тус тус гардууллаа.
Болзол хангаж шагнуулсан доноруудад Төрийн банк , Ulker mongolia байгууллагын гарын бэлгээр урамшуулсан юм.
MONTSAME