Хятадын өмнөд хэсэгт Гуандун хэмээх муж бий. Энэ бүсийг нэр алдар муутай гэж хэлж болохгүй. Энд бүтэн жил зун болж, бүх зүйл цэцэглэж, үнэртдэг, далай тэнгис ч бий. Үүнээс гадна энд өндөр технологийн болон санхүүгийн ихэнх төв байрладаг. Ганц Гуандуны ДНБ Оросын нийт ДНБ-тэй тэнцүү бөгөөд нэг хүн амд ногдох ДНБ-ээрээ Швейцарыг хүртэл гүйцдэг. Муж бараг 100 сая хүн амтай. Энэ бол Хятадын хүн ам хамгийн шигүү суурьшсан бүс. Хот нь яг л ирээдүйн хот мэт харагддаг. Тэгвэл Гуандун муж хэдхэн жилийн дотор яаж ингэж хөгжиж, баян болж, дэлхийн хамгийн баян улсын урд гарч чадав?
Үзэсгэлэнт хязгаар, Хятадын худалдааны гол хаалга
Гуандун нь Хятадын хамгийн өмнөд хэсэгт, Өмнөд хятадын тэнгист оршдог. Хойд хэсгээрээ Наньлин уулсаар хүрээлэгдсэн. Энд зуны цагт үргэлж халуун байж, өвлийн улиралд +10-аас доош буудаггүй. Улирал хооронд их хэмжээний бороо ордог байна. Эндхийн хүмүүс хэдэн арван жилээр цас үзээгүй. Хамгийн сүүлд 6 жилийн өмнө цас орсон бол үүнээс өмнө 50 жил цас ороогүй гэдэг.
Энд суурьшсан анхны алдартай омог нь байюэ нар байв. Энэ бол 4000 жилийн өмнөх үйл явдал. Уг газар Цинь (НТӨ 221-206 он) гүрний үед Хятадын газар нутгийн нэг хэсэг болсон байна. Эндхийн хүн ам эрт дээр цагаас бусад ертөнцтэй нээлттэй харилцсаар ирсэн аж. Гуандун муж Дундад зууны сүүлчээс Франц, Британи, Испани, Португал зэрэг Европын гүрнүүдтэй идэвхтэй худалдаа явуулж эхэлсэн байна. Мөн Хятадын алдарт уламжлалт бүтээгдэхүүнүүд болон цай, шаазан, торго, хаш зэргийг бусад орнуудад хангадаг байжээ.
Зальтай англичууд тус бүсэд ноёрхохыг хүсэж, энд хориотой опиумыг бөөнөөр нь борлуулж эхэлсэн байна. Эзэн хаан үүнд дургүйцэж, ичгүүргүй европчуудтай худалдаа хийхийг хориглох зарлиг ч гаргаж байжээ. Дайнд хятадууд ялагдаж, Британи Гаундуны өмнөх хэсэгт одоогийн алдарт Хонконг хотыг байгуулсан түүхтэй аж.
Тайван бус газар нутаг
Гуандун муж хувьсгал, хувьсгалчдын өлгий нутаг болжээ. Эндээс л бослогуудын бүх удирдагч төрөн гарсан байдаг. Хятадын удирдагч Сунь Ятсен энд төрсөн. Тэрээр улсын анхны ерөнхийлөгч болсон юм. Түүнийг “Хятад үндэстний эцэг” гэдэг. Тэрээр Хятадын сэргэлтийн холбоо хэмээх намыг байгуулж байв. Дараа нь Гоминьдан хэмээн нэрийг нь өөрчилсөн байдаг. 20-р зууны эхээр энд коммунист анхны дугуйлангууд бий болсон. Үүний дараа коммунистууд Гуандунд бат бэх суурьшсан түүхтэй.
Хэсэг хугацааны дараа мужид Гоминьданы эсэрг коммунистуудыг алдарт Кантоны бослого гарсан аж. Үр дүнд нь коммунистууд ялж, 10 сарын 1-нд Бээжинд БНХАУ-ыг зарлан тунхагласан байна.
Хятадын эдийн засгийн командлагч
Өнөөдөр Гуандун нь Хятаддаа ДНБ-ий хамгийн өндөр түвшинтэй муж болоод байна. Тус муж улсынхаа нийт эдийн засгийн 10 гаруй хувийг дангаараа эзэлдэг гэхэд болно. Энэ бүгд төр засгийн ухаалаг бодлогын ачаар бий болжээ. Нэгэн цагт ялуу тариачдын муж байсан энэ газар 1990-ээд оны эхээр эдийн засгийн үсрэнгүй хөгжилд хүрчээ. Тэр цагаас хойш энэ бүс Хятадын томоохон экспортлогч бүс төдийгүй томоохон импортлогч болон хувирсан байна. Гуандундэдийн засгийн туршилтын үйлдвэрлэл, арга барил бүхий эдийн засгийн анхны тусгай бүс байгуулагджээ. Чөлөөт худалдааны бүс, дэвшилтэт салбарын хөгжил зэргийнхээ үр дүнд энд хамгийн олон тооны тэрбумтан төрж гарсан юм. Дээр нь Хонконг, Макао зэрэгтэй ойр зэрэг нь эдийн засгийн хөгжилд бас нэг том түлхэц өгчээ.
20-р зууны дундаас эхлэн Гуанжоуд хавар, намын цагаар алдарт Кантоны үзэсгэлэн зохион байгуулагддаг. Энд дэвшилтэт бизнесийн бүх төлөөлөгч хүрч ирж, хөдөлмөрийнхөө үр шимийг харуулдаг байна. Эндээс л тэд түншүүд, нийлүүлэгчдээ хайж олдог аж. Гуандуны бизнес олон төрөл. Энд аж үйлдвэрлэл, өндөр технологи, цахилгаан бараа, банк, санхүү, даатгал, авто тээвэрлэлт гээд бүх зүйл бий.
Эх сурвалж: kulturologia.ru
Орчуулагч: Марта