Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Нийгмийн даатгалын шинэчлэл хийж, иргэн бүрд суурь тэтгэвэр олгох, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжинэ” гэсэн зорилт туссан. Энэ зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ХНХЯ, Европын Холбооны Европын Комиссын Техникийн туслалцаа, мэдээлэл солилцох төсөлтэй хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, туршлага солилцох уулзалт хэлэлцүүлэг өнөөдөр Улаанбаатар хотноо эхэллээ.
Арга хэмжээг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэл нээж хэлсэн үгэндээ, “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын шинэчлэл хийж, хувийн даатгалын үйлчилгээнд хамрагдах боломж бүхий олон давхаргат тэтгэврийн тогтолцоонд шилжих зорилт туссан.
Энэхүү шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн параметрийн өөрчлөлт хийх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгыг бид дэвшүүлж байгаа юм. Нийгмийн даатгалын багц хуулийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлагыг судлах нь бидэнд ихээхэн ач холбогдолтой юм” гээд сургалт уулзалтыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Европын Холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, холбогдох зөвлөх нарт талархал илэрхийлж амжилт хүслээ.
Арга хэмжээнд Литва Бельги, Польш, Словени, Казахстан улсын холбогдох албаны хүмүүс илтгэл тавих юм. Сургалтаар хуучин социалист улсуудын тэтгэврийн шинэчлэл хийсэн туршлага, алдаа оноог түлхүү хэлэлцэнэ.
Сургалт уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Сангийн яам, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Монголын Ажил Олгогч Эздийн Нэгдсэн холбоо, судлаачид болон хувийн хэвшлийн төлөөлөл болон 100 орчим төлөөлөгч цахимаар болон танхимаар оролцож байна.