ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Хэвлэлийн албанаас санаачлан Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл (МСНЭ)-тэй хамтран зохион байгуулж буй Монгол, Хятадын сэтгүүлчдийн цахим сурвалжилгын нээлт өнөөдөр боллоо.
Хятад улсын өнөөгийн хөгжил, хүмүүсийн аж амьдрал, иргэдээ ядуурлаас гаргасан сайн туршлага зэргийг сурталчлан таниулах зорилготой уг цахим сурвалжлага энэ жил “Ирээдүйн төлөө хамтдаа, Хөдөөг сэргээн хөгжүүлэхэд анхаарал хандуулъя” сэдвийн хүрээнд ирэх сарын 2 хүртэл үргэлжлэх юм. Цахим сурвалжилгын нээлтэд хоёр орны хэвлэлийн салбарын 40 гаруй сэтгүүлч оролцов.
Нээлтийн үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Цар тахлаас үүдэлтэй хямрал, бэрхшээл, сорилтыг Монгол, Хятад төдийгүй дэлхий хамтдаа даван туулж байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2014 онд Монгол Улсад айлчлах үеэр хоёр улс Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг зарлаж, Гадаад худалдааны эргэлтийг 2020 он гэхэд 10 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Тэгвэл цар тахлын жилүүдэд энэхүү зорилт биелэлээ олж, 2021 оны байдлаар 10.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Монгол Улсын нийт гадаад худалдааны эргэлтийн 63 хувийг эзэлж байгаа юм. Энэ удаагийн хамтарсан сурвалжлагаар Хятадын хөдөөг хөгжүүлэх, ядуурлыг бууруулах бодлого хэрхэн уялдаа холбоотой хэрэгжиж, амжилтад хүрч байгааг танилцуулах гэж байгаа нь цаг үеэ олсон гэж үзэж байна. Учир нь Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын нэг хэсэг нь Хөт хөдөөгийн сэргэлт, Ногоон сэргэлтэд чиглэж байгаа. Эдгээр зорилт, бодлогын хүрээнд Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай аймгийг Байгалийн нөөц, аялал жуулчлал, ногоон хөгжлийн бүс, Ховд, Баян-Өлгий, Увс аймгийг Сэргээгдэх эрчим хүч болон Өвлийн аялал жуулчлалын бүс, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Архангай, Булган Хөвсгөл, Завхан аймгийг Эрчимжсэн хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрийн бүс болгохоор зорьж байгаа. Саяхан БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад айлчлахдаа баруун дөрвөн аймгийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг Хятадын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ мэтчилэн Засгийн газрын хөтөлбөртэй нягт уялдаж буй цахим сурвалжлагыг цувралаар хүргэх болно.
Бүх Хятадын сэтгүүлчдийн холбооны Нарийн бичгийн дарга нарын газрын Нарийн бичгийн дарга Ван ЮйТянь: Монгол, БНХАУ цар тахлын нөхцөл байдлыг даван туулж, хэвлэл мэдээллийн салбарын харилцаа, хамтын ажиллагааг ахиулж байна. Хятад улс энэ онд Өвлийн оломпыг амжилттай зохион байгуулсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олимпын нээлтэд оролцсон. Энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн дарга Ли Көчянтай уулзаж, хоёр талын харилцааны талаар санал солилцож, нэгдмэл ойлголтод хүрсэн. Хоёр орны хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд хүрч, “Бүс ба зам”-ыг хэрэгжүүлэх, цар тахалтай тэмцэх зэрэг сэдвийн хүрээнд хамтарсан сурвалжлага зохион байгуулж, ард түмний харилцан ойлголцол, найрамдлыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жил цахим сурвалжлага өнгөрсөн 10 жилд Хятадын нийгэм, эдийн засагт гарсан өөрчлөлтийг харуулж, Хятад улс хөдөөг сэргээн хөгжүүлэх стратегийг хэрэгжүүлсэн туршлагыг танилцуулахад чиглэх болно. Хөрш орнуудын хамгийн чухал зүйл бол ойлголцол. Тиймээс Монголын мэргэжил нэгтнүүдийн хамт хоёр орны ард түмний найрамдлыг зузаатгах гүүр болох үүргээ биелүүлэхийг зорьж байна” гэлээ.
Түүхэн баримтаас үзвэл, 1949 онд БНХАУ байгуулагдсаныг Монголын хэвлэл мэдээлэл тэр өдөрт нь мэдээлж байжээ. Улмаар 1958 оноос хоёр улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтын ажиллагааг эхлүүлж, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг МОНЦАМЭ болон Синьхуа агентлаг байгуулжээ. Түүнээс хойш 1990-ээд оноос хоёр талын хэвлэл мэдээллийн салбарт хамтын ажиллагаа илүү өргөжин Хятадын Коммунист намын төв хэвлэл Өдрийн сонин, түүнчлэн Синьхуа агентлагийн төлөөлөгч Монгол Улсад тогтмол ажиллах болсон байна.