Их Британи улс Европын холбооноос гарсны дараа Европын холбооны төсөвт жил бүр 10-12 тэрбум евро тасарна гэж Төсвийн асуудал эрхэлсэн Еврокомиссар Гюнтер Эттингер мэдэгджээ. Ийм нөхцөлд тус холбоо хэмнэлтийн арга хэмжээ авах, эсвэл гишүүн орнуудаасаа илүү өндөр татвар авах шаардлага тулгарах гэнэ.
Эттингер “Хэтийн төлөвтөө Брекситээс болж Европын холбооны төсөвт жил бүр 10-12 тэрбум евро сох дутна. Энэхүү дутсан хэдэн тэрбумыг хэмнэлтээр, гишүүн орнуудын татварыг нэмэх замаар нөхнө гэж би бодож байна” хэмээн Германы “Bild”-д өгсөн ярилцлагадаа дурджээ.
Үүнээс өмнөхөн Британийн Засгийн газар дахь нэгэн эх сурвалж Лондон Брекситийн дараа Европын холбооны өмнө хүлээсэн санхүүгийн үүрэг хариуцлагаа хүлээлгэн өгөхийн тулд 40 тэрбум евро төлөхөд бэлэн байгаа тухай мэдээлснийг “Telegraph” дамжуулсан билээ.
Их Британи улсад өнгөрсөн оны зургаадугаар сарын 23-нд ард нийтийн санал асуулга явагдаж, улс орноо Европын холбооноос гаргахад шийдвэрт хүрсэн билээ. Ингээд тус улс энэ оны гуравдугаар сарын 29-нд Европын холбооноос албан ёсоор гарах үйл явцаа эхлүүлж, Евро зөвлөлийн тэргүүн Дональд Тускт хүсэлт гаргасан. Лиссабоны гэрээний 50 дугаар зүйл, Европын холбооноос гарах тухай заалтаар бол Их Британи улс 2019 оны гуравдугаар сарын 29-нөөс өмнө холбооны бүрэлдэхүүнийг орхих ёстой аж.
Э.ЗАЯА