Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй албаны хүмүүс Хятадын иргэний нисэхийн удирдах газар (Civil Aviation Administration of China)-ын Дэд дарга Ноён Bан Жикин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. Уулзалтын үеэр өмнөд хөрштэй хиллэх агаарын хаалгын тоог нэмэгдүүлэх харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт тус хоёр байгууллагын техникийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, агаарын хаалганы тоог нэмэгдүүлэх, хоёр байгууллагын хооронд байнгын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх гэсэн 3-н чиглэлээр ажиллахаар тусгагдсан юм.
Хоёр тал хамтын ажиллагаа болон тулгамдаж буй асуудлуудын талаар мөн ярилцсан. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Би энэ салбартаа ачигчийн ажлаас ажлын гараагаа эхэлсэн. Түүнчлэн олон улсын нисэх буудалд ажиллаж байх үед хамгийн бага асуудал гаргадаг гадаадын авиа компанийн нэг нь “Эйрчайна” байсан. Мөнхийн хөрш хоёр улс агаарын харилцааны салбарт ойр дотно хамтран ажиллах ёстой гэж боддог. Тиймээс энэ удаагийн уулзалт харилцан ашигтай үйл ажиллагаа явуулж, нягт хамтран ажиллахад өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
Өмнөд хөрштэйгөө хиллэдэг агаарын хаалгын тоог нэмэгдүүлбэл олон улсын нислэгт үүсч буй ачаалал багасч олон зорчигч энэ цаг үед энэ асуудлыг шийдсэн хоёр улсын иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудад баярлах болов уу. Түүнээс гадна ирэх жил шинэ нисэх буудал ашиглалтад орохтой холбоотойгоор олон мэргэжилтэнг БНХАУ-д сургалтад хамруулах тал дээр хамтран ажиллах хүсэлтэй байна” хэмээн хэлсэн. Ноён Bан Жикин боловсон хүчний сургалтыг дэмжиж байгаагаа илэрхийлээд “ Ноён Л.Бямбасүрэн та иргэний нисэхийн салбарт шат шатанд нь ажиллаж байсан шиг би бас энэ салбартаа доороос нь эхэлж ажилласан.
Та ачигчаас ажлын гараагаа эхэлж байсан бол би барилга барихаас ажлаа эхэлж байлаа. Тиймээс таньтай ярилцахад их ойр, дотно санагдаж байна. Холын төрлөөс ойрын хөрш илүү. Энэхүү уулзалт цаашид өндөр хэмжээнд хамтран ажиллахад түүхийн шинэ хуудсыг нээх ач холбогдолтой” хэмээн ярилаа. Монголын талаас нисгэгч, нислэгийн хөдөлгөөн удирдагч, инженер, техник, хууль зэрэг чиглэлийн мэргэжилтнүүдийг өмнөд хөршид сургах, туршлага солилцоход хоёр тал хамтран ажиллахаар болсон гэж ИНЕГ-аас мэдээлжээ.