Европ тивд ган гачиг болж байгааг Global Drought Observatory байгууллага танилцуулсан судалгааны тайландаа өгүүлжээ.<Эрдэмтдийн мэдэгдсэнээр, сүүлийн 500 жилд ийм хэмжээний ган нүүрлэж байгаагүй гэнэ. Испани, Унгар, Герман, Бельги гэсэн орнуудад тариалангийн талбай сүйдэж эхэлжээ.
Европ тивийн газар нутгийн 47 хувь ганд бүрэн нэрвэгдэж, 17 хувь гангийн ирмэг дээр байгааг өгүүлсэн байна. Ган болсны улмаас Европын бараг бүх гол мөрний ус ямар нэг хэмжээгээр татарсныг тайланд дурджээ. Үүний үүдэн ургацын гарц муудаж, ой хээрийн түймэр нэмэгджээ. Европын өмнөд хэсэгт ган гачиг арваннэгдүгээр сарыг хүртэл үргэлжлэх төлөвтэй байгаа ажээ.
Европын тээврийн гол судлуудын нэг болсон Рейн голын ус татарсны улмаас ойрын үед энэ голоор дамжих усан тээврийг бүрэн зогсоож магадгүй аж. Энэ голын ус татарсны улмаас хөлөг онгоц зорчих боломжгүй болж, нүүрс, үр тариа, газрын тос, металл тээвэрлэлтийг багасгажээ.