“Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Ажиа гэгээн Лувсантүвдэнийг “Ярилцах цаг” буландаа урилаа.
“ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗАЛУУ БОЛООД АХМАД ҮЕ НЭН ЧУХАЛ”
-Та Монголдоо ирээд нэлээд олон ажлыг амжуулж байгаа харагдана. “Зөв тэтгэлэг”, “Ахмадын хөгжлийн төв” барих үйл ажиллагаа гээд л. Сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлын тань талаар яриагаа эхлэе?
-Би Монголдоо хоёр зорилго өвөртлөн ирлээ. Нэгдүгээрт, “Зөв тэтгэлэг” хөтөлбөрөө дөрвөн жилийн хугацаанд зарлаж, амжилттай зохион байгуулж байна. Өмнө нь хөтөлбөрт хамрагдсан болон хамрагдах гэж байгаа оюутнуудтай уулзаж байсангүй. Харин энэ жил өөрийн биеэр ирж нээлт хийж, оюутнуудтайгаа уулзаж ярилцлаа. Дөрвөн жил хэрэгжсэн тэтгэлэгт маань одоогоор 60 орчим оюутан хамрагджээ. Хоёрдугаарт, би Яармагт нэг газар авсан. Тэндээ анх эмнэлэг, сургууль барихаар төлөвлөж байлаа. Гэвч барихад жаахан асуудал тулгарсан. Тиймээс хоёр жилийн өмнөөс “Ахмадын хөгжлийн төв” байгуулахаар зориглож, барилгын ажил маань бараг дууслаа. Удахгүй нээлтийг нь хийхээр төлөвлөж, Монголдоо ирээд байна.
-Ахмадууд маань зорин очих сайхан төвтэй болох нь ээ. Та яагаад, ямар учраас ахмад настай хүмүүст зориулсан төв нээе гэж шийдсэн юм бэ?
-Ямартай ч хөгжлийн төвийн барилга маань бараг бэлэн болсон. Гэхдээ ахмадын төвийнхөө үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах вэ гэдгийг бодоод л байна. Хүмүүсийн ярьдаг шиг ахмадын асрамж, сувилал маягаар төлөвлөөгүй. Ер нь хүн тэтгэвэрт гараад бүх асуудалд цэг тавьж байгаа юм биш. Гэвч монголд хүүхдүүд нь ажилтай завгүй, аав ээждээ харагддаггүй. Харин аав ээж нь тэтгэвэрт гараад гэртээ ганцаарддаг асуудал их байна. Манай төв тийм хүмүүсийг цуглуулъя гэсэн эхний төлөвлөгөөтэй байна. Гэхдээ төвд ирээд зүгээр нэг өдөр өнжих биш, ямар мэргэжилтэй хүн байна тэднийг баг болгож хуваагаад туршлага, сургамжийг сонсдог байх, эргээд түүнийг нь эдийн засгийн асуудалтай нь холбож ч болох юм билээ. Эхний ээлжинд ингэж ажиллах төлөвлөгөө бий. Ер нь өндөр хөгжилтэй орнуудад ийм үйл ажиллагаа явуулдаг төв олон байна. Тухайлбал, Япон улс нэлээд сайн хөгжүүлсэн. Тэгэхээр миний хувьд ахмадын төвөө анхнаас нь сайхан төлөвлөөд үйл ажиллагааг нь явуулах нь зүйтэй хэмээн үзэж, хичээж байна.
-Хандив тусламж, сайн үйлсийн аян нэлээд өрнөдөг болжээ. Гэхдээ Ажиа Гэгээний явуулж үйл ажиллагаа энэ бүхнээс юугаараа онцлогтой вэ?
-Хүний амьдралын бага залуу нас гэдэг их чухал. Тэр үеэс нь эхлээд л бид залуусаа зөв зам руу нь чиглүүлэх хэрэгтэй. Тиймээс “Зөв тэтгэлэг”-ийн үйл ажиллагааг зохион байгуулдаг. Манай тэтгэлэгт хамрагдсан хүүхдүүд ядаж л хүний төлөө гэсэн сэтгэлтэй болох юм. Цаашлаад Монгол Улсын хөгжлийн төлөө юу хийх үү, Монгол гэсэн үндэстнээ хэрхэн хайрлаж авч явах юм гэсэн үзэл баримтлалтай болно. Хүний амьдралын дараагийн нэг асуудалтай нас нь ахмад нас. Тиймээс “Ахмадын хөгжлийн төв” байгуулсан. Монголд тэтгэвэрт гарсан ахмадуудын боломжтой хэсэг нь үр хүүхдүүдээрээ харуулаад гэртээ суугаад байна. Харин боломжгүй ахмадууд маань Батсүмбэрийн асрамжийн газар руу явж байх шиг байна. Ийм л хоёрхон сонголт байна. Харин манай хөгжлийн төв ахмад настай гэж голохгүй хөгжих дэвших боломж олгох, өөрсдийн сурч мэдсэн зүйл амьдралын туршлагаа бусадтай хуваалцах гүүр болох юм. “Ахмадын хөгжлийн ордон” нь шинэ нисэх онгоцны буудал буюу Чингис хаан Олон улсын нисэх буудал руу явах замд Архивын ерөнхий газрын урд байрлаж байгаа. Тэндээ усан эмчилгээ, сувилгаа, бариа засал, фитнесс, сургалт, тоглоом, амралт, соёлын цогцолбортой байна. Мөн манай төв улсын байгууллага буюу Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн харьяанд байх юм. Ахмадын төвийнхөө нэрийг нь ч гэсэн аятайхан өгчих санаатай бодоод л байна. Нэр буруу өгчихвөл хүмүүс “Аан энэ нэг настай хүмүүс явдаг газар, тусламжийн төв юм байна” гэж бодох ч юм бил үү. Тэгэхээр би нэр өгөхдөө ч их болгоомжтой хандаж, Японд байгаа шавь нартаа мөн хандаж байна. Ирэх амралтын өдрүүдэд Эх нялхасын хашаанд байрлах “Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв” дээрээ Ахмадын хөгжлийн төвд зориулсан хандивын зоог барихаар төлөвлөөд байна.
“СЭТГЭЛЭЭСЭЭ ӨГСӨН БУЯНД ИХ, БАГЫН ЯЛГАА БАЙДАГГҮЙ”
-Ер нь хүмүүс сайн үйлс хийх, сайн үйлсийн аянд оролцох их сонирхолтой болсон. Тэр сайн үйлсийг ямар сэтгэлээр хийвэл буян хурах вэ. Энэ талаар та тайлбарлаж өгөхгүй юу?
-Сайн үйлсийн аян Монголд маш их байна. Гэхдээ энэ үйлсэд сайн сэтгэл, нинжин сэтгэл, хайр хэрэгтэй. Гагцхүү өөрийн биеэ бодох биш олон түмнийг боддог байх тийм сэтгэл чухал. Тийм сэтгэлээр бол юуг ч хийж, ямар ч асуудлыг даван туулж чадна. Түүнээс биш хэлбэр төдий, хийсвэр байвал ямар их хөрөнгө гаргаад буян хурахгүй. Би өөрөө бурханы шашин шүтдэг хүн. Тиймээс өөртөө буян хурааж байна гэж итгэж сайн үйлсэд өөрийн биеэ зориулдаг. Сэтгэлээсээ өгсөн буянд их багын ялгаа байдаггүй юм шүү дээ.
-Өнөө цагт байгаа гэгээнтэн, лам, хуврагуудаас та нэг зүйлээрээ ялгарч чаддаг. Нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг нэлээд идэвхитэй зохион байгуулах юм?
-Би өөрөө бурханы шашин шүтдэг хүн. Гэхдээ надаас “Суварга босгох уу, сургууль барих уу” гэж энгийнээр асуувал, би сургууль барихыг сонгоно. Энэ хоёр буян уу, гэвэл хоёулаа адилхан буян. Гэхдээ сургууль барина гэдэг бол ард түмэнд шууд л тус буянаа өгч байгаа хэрэг. Суварга бол энэ насанд буян болохгүй бол хойд насанд ч буян болдог зүйл. Сургууль босгох их хэцүү байж болох ч тэр дотор олон нийт даган баясаж, дараагийн сайн сайхандаа хүрч байдаг. Олон хүнийг сайн сайханд хүргэх гүүр болж буйгаа илүү бодит зүйл гэх үү дээ. Суварга барихад маш их мөнгө орох ч гэлээ, түүнийг зорин очиж даган баясах нь цөөн. Миний үзэл баримтлал ердөө л ийм энгийн. Мөн бурханы шашны төлөөлөл болж яваа хүн ч гэлээ олон нийтэд давхар буян үйлдэж болдог гэдгийг өөрийн биеэр бага ч гэсэн үлгэрлэн харуулахыг хичээдэг дээ.
Үргэлжлэлийг ЗУУНЫ МЭДЭЭ сонины цахим хуудаснаас уншина уу?
Т.Батсайхан
Эх сурвалж “Зууны мэдээ” сонин