Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн (2022.08.23) хуралдаан 11 цаг 20 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, цэцэрлэг, сургуульд хамрагдалт, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээллийг сонслоо.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг хэрэгцээнд тулгуурлан оновчтой байршилд тодорхойлж, бүрэн хамруулах талаар болон бүртгэл, элсэлтийн талаар, мөн мэргэжлийн боловсрол, дээд боловсролын чиглэлээр, боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдэд мэдээлэл өгөв.
Тухайлбал, нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141 мянга гаруй хүүхэд бий бөгөөд цэцэрлэгийн зориулалтаар барилга түрээслэх, худалдан авах, хувийн цэцэрлэгт хамруулах, улсын цэцэрлэгт нэмэлт элсэлтээр элсүүлэх, гэр цэцэрлэг, байгууллагын цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээ, шинээр цэцэрлэг ашиглалтад оруулах зэрэг арга хэмжээний үндсэн дээр хүртээмжийг нэмэгдүүлэн, цэцэрлэгт хамрагдахгүй хүүхэд үлдэх эрсдэлийг бууруулж буй талаар мэдээлэл өглөө.
Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангид 78 мянга гаруй сурагч элсэх бөгөөд бүртгэл, элсэлтийг нээлттэй, ил тод байлгах, гурван ээлжээр хичээллэж болзошгүй 41 сургуулийг өргөтгөл, түрээс зэрэг хэлбэрээр хоёр ээлжинд оруулах зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн талаар мөн мэдээлэл өглөө.
Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээлэлдээ 2022 онд санхүүжих дүнг багасгасан нь хүндрэл учруулж буйг дурьдаад, хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулав. 80 хувиас дээш гүйцэтгэлтэй 86 төсөл арга хэмжээг энэ онд ашиглалтад оруулах, 60 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээг дуусгах бодлогыг 2023 оны төсвийн төсөлд тусгах, мөн нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэгийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох ажлын явцын талаар мэдээлэл өгсөн юм.
Боловсролын сайдын мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Т.Энхтүвшин, С.Чинзориг, Г.Амартүвшин, Т.Аубакир, П.Анужин, Ц.Мөнхцэцэг, Г.Дамдинням нар асуулт асууж, хариулт авлаа.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам нарийн мэргэжлийн инженер техникийн ажилтнуудыг нэг их сургууль дангаараа бэлтгэх боломжгүй учир сургууль дундын байдлаар бэлтгэхээр төлөвлөсөн эсэх, сургууль, цэцэрлэгийн, ялангуяа шинээр баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын дотоод орчны агаарын чанарыг сайжруулах, чанарын шаардлага хангасан материал хэрэглэж байна уу гэдэгт хэрхэн хяналт тавьдаг талаар тодруулав. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэргэжлийн боловсрол, дээд сургуулиуд кредит тооцон шатлан суралцах боломжтой талаар болон шинээр барьж буй барилгууд агаарын дотоод чанарт нөлөөлөх ямар будаг, материал ашиглаж байгаад холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг, цаашид бүрэн хяналтаа тавиад явах боломжтой талаар хариулав.
С.Чинзориг гишүүн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэдэг бодлогыг барих нь зохистой эсэх талаар болон цэцэрлэгийн зориулалтаар түрээсэлж буй барилга эрүүл ахуй, чанарын шаардлага хангаж буй эсэх талаар тодруулж, хариулт авлаа. Гишүүний асуултад Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон холбогдох албан тушаалтнууд хариулт өгөхдөө харьяаллын бус хүүхэд элсүүлэхгүй гэсэн хатуу бодлого бариагүй, энэ асуудлыг бүх сургууль, цэцэрлэгт хавтгайруулахгүй, нийт хүүхдийнхээ 40-өөс дээш хувьд хамран сургах бус тойргийн хүүхэд авдаг цөөн тооны, нэр бүхий сургуулиудад хяналтын асуудал яригдана, ажлын хэсэг гарч ажиллаад цэцэрлэгийн зориулалтаар түрээслэх гэж буй болон худалдан авах гэж байгаа барилгуудад урьдчилсан дүгнэлт гаргасан, шаардлага хангаж байгаа гэв.
Г.Дамдинням гишүүн ээж аавтайгаа амьдардаг залуу гэр бүл, түрээсийн байр орон сууцанд амьдарч буй иргэд гээд харьяаллын бус байдлаар хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах шаардлага амьдрал дээр үүсэж байна. Үндсэн хаяган дэрэээ байгаа хүүхдүүдийг харьяаллын дагуу элсүүлчихлээ гэхэд, түр оршин сууж байгаа хүүхдийн асуудал хоёрдугаарт тавигдаж байна. Үүний цаана тэгш эрхийн асуудал хөндөгдөж буй болохоор тухай бүрт таарсан шийдэл байгаа гэж бодож байна гээд энэ талаар тодруулж, хариулт авлаа. Гишүүд асуулт асууж, хариулт авч дууссанаар Байнгын хорооны хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.