УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжин шуугиасан “60 тэрбумын дуулиан” одоо ч үргэлжилсээр байна. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг дуудан уулзаж, энэ хэргийн талаар ярилцсан нь хэвлэл мэдээллийнхэн хэрэг явдлыг дахин сонирхоход хүргэж эхэллээ.
Зарим хэвлэл “Алдарт 60 тэрбумын хэрэгт ахиц гарсан бололтой. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлснээр Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуйгийн зөвлөх гэх А.Ганбаатарыг АТГ-аас баривчлан саатуулж, Ганц худагт хорьсон. Түүнээс энэ хэрэгтэй холбогдуулан мэдүүлэг авч эхэлсэн байна” хэмээн мэдээлсэн.
Гэвч энэ мэдээлэл ташаа гэдгийг албаны эх сурвалжууд нотолж байна. Энэ мэдээлэл 60 тэрбумын дуулианыг олны анхаарлаас холдуулахгүй байх бодолтой ашиг сонирхлын эх сурвалжуудын тарааж байгаа мэдээлэл аж. Хууль хяналтын аль ч байгууллага шалгаж байгаа дуулиант хэргийнхээ талаар товч мэдээлэл өгдөг болсон цаг үед худал мэдээлэл түгээх нь өөрөө ямар нэгэн ашиг сонирхлыг тээж буйг харуулж байгаа хэрэг. Ийм ашиг сонирхлын бүлэглэл болон тэдний гар хөл болсон хүмүүсийн цуурхалыг дамжуулан түгээх нь хэвлэл мэдээллийнхний нэр хүндэд халтай хэрэг.
Сонирхолтой нь, 60 тэрбумыг тойрсон маргаан хийхрэл, цуурхалтай өрнөж байгаа ийм үед НИТХ-ын хурлын дарга Ц.Сандуй “А.Ганбаатар гэдэг туслахтай байгаагүй. А.Ганбаатар гэдэг хүнийг баривчилсан явдал болоогүй” гэсэн хариулт өгчээ. Харин түүний энэ хариулт давс хачиртай мэдээллээсээ илүү олны анхаарлыг татаж магадгүй болоод байна.
Д.ХАЛИУН