Хорин жилийн өмнө 1997 оны наймдугаар сарын 31-нд Диана гүнж автын ослоор Парист амь үрэгджээ. Нас барсаны ойтой нь давхцуулан хэвлэлээр түүний амьдралын шинэ шинэ баримтууд гарч ирэх болжээ. Тухайлбал Диана гүнжийн хөвгүүд эхийнхээ тухай “Бидний ээж Диана: түүний амьдрал ба өв” гэсэн кинонд анх удаагаа ярьцгаав. “Диана: түүх түүний үгээр” нэртэй өөр нэг баримтат кино удахгүй нийтийн хүртээл болно.
Диана гүнж ба Чарльз жонон
Шинэ киног гүнжийн 1991 онд авч байсан илтгэх урлагийн хичээлийн бичлэгээр бүтээжээ. Тэр үед жонон Чарльз, Камилла Паркер-Боулз нарын харилцаа олон нийтэдэд тодорхой болсон ба Диана олон тооны ярилцлагад бэлтгэн илтгэх урлагийн хичээл заалгаж байжээ. Леди Дигийн багш Питер Сеттелин бүх хичээлийн видео бичлэгийг хийсэн байв. Диана багшдаа их сайн ханддаг байснаас хамаг үнэнээ ярьсан байлаа.
Диана Сеттелинд сэтгэлээ уудлан өөрийн амьдралын эрчүүдийнхээ тухай дэлгэрэнгүй ярьжээ. “Хуримын өдөр миний амьдралын хамгийн муу өдөр байлаа. Үүний өмнө бид дөнгөж 13 удаа уулзаж байлаа. Бидний бэлгийн амьдрал хачирхалтай байлаа. Зургаа долоон жилийн дараа бидний хувьд энэ асуудал зогссон. Чарльз үүнийг чухал биш гэж үзсэн юм” гэж леди Ди ярьжээ.
Диана гүнж ба Барри Маннаки
Мөн уг кинонд өөрийн бие хамгаалагч Барри Маннакитай ургуулсан эмгэнэлт хайрынхаа тухай ярьсан кадрууд багтсан байв. “Би 24 насандаа хүнд хайртай болсон юм. Бидний харилцааны тухай сэжиг төрснөөс тэр хүнийг удалгүй зайлуулсан юм. Тэр халагдсанаасаа хойш дөнгөж гурван долоо хоногийн дараа амь үрэгдсэн юм. Тэр миний амьдралын цорын ганц хайр минь байлаа” гэж Дина ярьжээ.