ЛОНДОН. /Reuters/. Олимп болон Паралимпын аварга, Өмнөд Африкийн ойрын зайн гүйгч Оскар Писториус эмнэлэгт хүргэгджээ.
Найз бүсгүй Рива Стинкампыг хөнөөсөн хэргээр “Илдэн дээр гүйгч” хочит О.Писториус өнгөрсөн онд зургаан жил хоригдох ял сонссон юм.
Түүний хоригдож буй шоронгийн албаны хүмүүс өчигдөр мэдэгдэл хийхдээ “О.Писториус өнөө өглөө шоронгоос эмнэлэгт хүргэгдсэн” гэжээ. Чухам ямар шалтгааны улмаас эмнэлэгт хүргэгдсэн болон биеийн байдал нь хэр байгаа нь тодорхойгүй байна. Гэхдээ эх сурвалжуудын мэдээлснээр, цээжин тус газарт нь хүчтэй өвдөлт мэдрэгдэх болсон учир тэрбээр эмнэлэгт хүргэгдсэн бололтой.
Үүнээс өмнө 2016 оны наймдугаар сард О.Писториус шоронгийн өрөөндөө хальтирч унасны улмаас бугуйгаа гэмтээснээр эмчилгээ хийлгүүлж байсан юм.
Тэрбээр 2013 оны хоёрдугаар сард найз бүсгүйгээ гэртээ буудан хөнөөсөн билээ. Дараа нь тэрбээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө “Би түүнийг хулгайч байна гэж андууран буудсан” гэж байв.
Г.Доржханд
Эх сурвалж: Монцамэ агентлаг