УИХ-аас Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль болон түүнтэй хамт өргөн мэдүүлсэн 13 хуулийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр баталсан бөгөөд уг хуулиуд энэ оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17.1-д “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш дөрвөн сарын хугацаанд аливаа компанийг Хорооноос энэ хуулийн 6.1-д заасан үйлчилгээ үзүүлэгчээр бүртгэхгүй” гэж заасан шилжилтийн үеийн зохицуулалтын хугацаа нь 2022 оны зургаадугаар сарын 26-ны өдрөөс дуусгавар болсонтой холбогдуулан тус хууль, “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэлийн журам”, “Тохиромжтой этгээдийг тодорхойлох журам” зэрэгт заасан нөхцөл, шаардлагыг хангасан виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх компанийн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хорооноос цахим бүртгэл, зөвшөөрлийн систем -ээр дамжуулан хүлээн авч эхэлсэн ба бүртгэх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Харин 2022 оны хоёрдугаар сарын 25-ны өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн байгууллагын хувьд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17.2-т “Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж байсан этгээд энэ хуулийн 17.1-д заасан дөрвөн сарын хугацаа дууссанаас хойш гурван сарын дотор энэ хуульд заасан шаардлагыг хангаж, Хороонд бүртгүүлнэ” гэж заасан шилжилтийн үеийн зохицуулалтын дагуу 2022 оны есдүгээр сарын 26-ны өдрийн дотор хууль, журмын шаардлагыг ханган виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх үүрэгтэй ба тус хугацаанд бүртгүүлээгүй тохиолдолд үйл ажиллагаагаа цаашид эрхлэх боломжгүй болох талаар Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд өмнө нь мэдээлж байсан.
Хэрэв дээрх хугацаанд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлэлгүйгээр үйл ажиллагаагаа цаашид үргэлжлүүлсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 11.33 дугаар зүйлийн 1-д заасан хуулийн хариуцлага хүлээх нөхцөл үүсэхийг виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид анхаарна уу.
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО