Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяшигийн зүгээс зохион байгуулсан “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн 21 дахь ээлжийн оюутнуудын үдэлтийн ёслол өчигдөр Элчин сайдын өргөөнд боллоо.
“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” нь 1999 оноос хэрэгжиж эхэлсэн буцалтгүй тусламжийн хөтөлбөр юм. Уг хөтөлбөрөөр ирээдүйд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд манлайлах үүрэг гүйцэтгэх чадварлаг боловсон хүчнийг Япон улсад суралцуулан, тэд эх орондоо буцаж ирснийхээ дараа өөрийн эзэмшсэн мэдлэг чадвараараа улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд үр бүтээлтэй ашиглах зорилготойгоор хэрэгжүүлдэг. Өдгөө Зүүн Өмнөд Азийн орнууд зонхилсон 19 улсад уг хөтөлбөр хэрэгжиж буй бөгөөд энэхүү хөтөлбөрөөр өнөөг хүртэл нийт 5,000 гаруй хүн Япон улсад суралцаад байна.
Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хироюки Кобаяши тус хөтөлбөр Монголд 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба өнөөг хүртэл нийт 384 оюутан Япон улсад суралцаад байна. Үүнээс 335 оюутан төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллага, их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж буй юм.
JDS хөтөлбөрийн 21 дахь ээлжээр:
- Сайтамагийн их сургуульд 2,
- Мэйжигийн их сургуульд 2,
- Кюүшүгийн их сургуульд 1,
- Хирошимагийн их сургуульд 3,
- Олон улсын их сургуульд 3,
- Нагояагийн их сургуульд 1,
- Цүкүбагийн их сургуульд 3 оюутан буюу нийт 15 оюутан магистрантурт тус тусын мэргэжлээр суралцана. Мөн 2016 оноос докторын зэрэг горилох оюутан илгээдэг болсон ба энэ жил Сайтамагийн их сургуулийн докторантурт 1 оюутан суралцах юм.
“Энэхүү хөтөлбөрөөр суралцах оюутан залуус нь буцаж ирээд өөрсдийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, манай 2 орны харилцан ойлголцол, найрамдалт харилцааг улам бүр бэхжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна” хэмээн Японы Элчин сайдын яамнаас мэдээллээ.