Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2022.08.08/ Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн Ерөнхийлөгч Хашиба болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа.
Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-гийн техникийн туслалцааны хүрээнд “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг “Си Ти Ай Инженеринг Интернашнл” ХК, “Ниппон роуд” ХК, “Японы дэд бүтцийн хөгжлийн институт”-ийн түншлэл 2019 оны дөрөвдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хэрэгжилт, явц байдалтай газар дээр нь биечлэн танилцахаар хүрэлцэн ирсэн “Японы дэд бүтцийн хөгжлийн институт”-ийн Ерөнхийлөгч Хашибатай Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд төслийн хэрэгжилт, явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн тус төслийн “Японы дэд бүтцийн хөгжлийн институт”-ийн барилгын ажлын хяналт хариуцсан мэргэжилтэн Огүро Коичи-г Монголын авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласанд талархаж, сайдын тушаалаар “Тэргүүний замчин” хүндэт тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гардуулан өглөө.
Огүро Коичи нь дээрх төслөөс гадна Жайкагийн “Өвсний үндэс” төслийн хүрээнд 2004-2007 онд Багануур дүүргийн гэр хороолол дунд зам барих 1-р үе шат, 2007-2010 онд “Ажлын байрыг бий болгох зорилго бүхий амьдрах орчны зам барих технологи дамжуулах” төслийн дараах хамтын ажиллагаа: Гэр хорооллын иргэд амьдрах орчны зам барих бие даасан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 2-р үе шат, 2011-2013 онд Гэр хорооллын иргэдийн оролцоотой амьдрах орчны зам барих бие даасан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх 3-р үе шатын төслийн удирдагчаар тус тус ажилласан юм.