Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг судлах ажлын хэсгээс боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.
Уг ажлын хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийн талаар иргэдээс ирүүлж байгаа саналууд, Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын санал, дүгнэлт, улс төрийн намуудын Тунхаг бичиг, УИХ дахь МАН-ын бүлгийн шийдвэрийн талаар судалж, олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг тодорхойлох, хэлэлцүүлгийн хугацааг тогтоох, зохион байгуулах үүрэгтэй юм.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогтоор ахлуулан, А.Адьяасүрэн, Г.Ганболд, Ц.Мөнх-Оргил, М.Оюунчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. Ажлын хэсгээс боловсруулсан тогтоолын төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулав.
Тэрбээр “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар олон нийтийн санаа бодлыг улсын хэмжээнд тандан судлах ажлыг 2022 оны зургадугаар сарын 18-наас 26-ны хооронд зохион байгуулна. Олон нийтийн санаа бодлыг тандан судлах сэдвийн хүрээг:
- Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах,
- Ард түмнийг төлөөлөх парламентын чадавх, хариуцлагыг нэмэгдүүлэх,
- Хот хөдөөгийн хөгжлийн дэмжих, нутгийн удирдлагын тогтолцоог сайжруулах,
- Монгол Улсын төрийн сүлдийг шинэчлэх дөрвөн бүлгийн хүрээнд 11 сэдвээр нарийвчлан тогтоохоор тусгасан” гэв.