Нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан олголтын талаар ХНХ-ын сайд А.Ариунзаяа мэдээлэл өглөө.
Тэрбээр “Нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлоготой Нийгмийн Даатгалын Шимтгэл /НДШ/ төлөгч өөрөө төлсөн хэсгийн 50%-ийн буцаалтыг олгох шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ шийдвэр тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Буцаан олголт дараа сарын 25-наас хийгдэнэ гэсэн Засгийн газрын журам болон хууль хэрэгжиж буй.
Тухайн сарын буцаан олголтыг яагаад дараа сарын 25-наас олгох болсон бэ гэхээр нэгдүгээрт тайлан тооцоонууд баталгаажиж байж иргэний мэдээлэл ирдэг. Ийм учраас тавдугаар сарын нэг сая төгрөгөөс доош цалин хөлс, орлогоос тооцсон иргэн өөрөө төлсөн НДШ-ийн 50%-ийн буцаалтыг зургаадугаар сарын 25-ны өдөр болон түүнээс хойш иргэдийн дансанд шилжүүлнэ.
Эхний ээлжид 400,000 орчим иргэн нэг сая ба түүнээс доош төгрөгийн цалин хөлс, орлоготой гэсэн тооцоо гарч байна. Эдгээрээс 80,000 нь сайн дураараа НДШ төлдөг. Үлдсэн 320,000 иргэн ААН, байгууллагад албан журмын даатгалаа төлдөг байна.
Тухайн байгууллагын шимтгэл төлөлт байгууллагын дансаараа ороод ирдэг. Харин ажилтан болон сайн дураараа НДШ төлөгчдийн дансны мэдээллийг авах томоохон ажил хийгдэнэ. Эхний сард буцаан олголт буруу дансанд орох, буцаагдах асуудал гарч магадгүй. Гэхдээ төрд байгаа мэдээллүүдийг ашиглан иргэдийн дансыг авч, хүндрэл чирэгдэлгүйгээр буцаан олголтыг өгөхөөр ажиллаж байна” хэмээн тайлбарлалаа.
Эргэн сануулахад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн Даатгалын Шимтгэлээ өөрөө хариуцсан төлсөн зарим даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох тухай хуулийг 2022 оны дөрөвдүгээр сард баталсан билээ.
Ингэснээр нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой иргэн өөрийн төлдөг 9.5 хувийн шимтгэлийн 50%-ийг он дуустал буцаан авах юм. Хуулийн дагуу хувиараа НДШ төлөгч нарт мөн адил буцаан олголт өгнө. Харин газрын тос болон уул уурхайн салбарт ажилладаг иргэдэд хамаарахгүй.
1 comment
yagad adilhan baiguilag bj ordoggvi ym iin bj bolohgvi bz de