Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар смарт карт” компани нь бүх тооцоогоо БНСУ руу явуулдаг, шалгалт оруулдаггүй тул картыг нь хэрэглээнээс хална гэж өчигдөр ярьсан. Үүнтэй холбогдуулан “Улаанбаатар смарт карт” ХХК-аас хэвлэлийн хурал хийлээ.
“Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Бизнесийн хэрэгжилтийн хэлтсийн дарга М.Мөнхболд “Манай компани нийслэлийн нийтийн тээврийн удирдлага мэдээлэл болон цахим төлбөрийн системийн төслийг хэрэгжүүлэгч бөгөөд долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Нийтийн тээврийн салбарт бид технологийн дэвшил инновацыг нэвтрүүлснээр үйлчилгээний соёл чанар, хүртээмжийг шинэ шатанд гаргах, нийтийн тээврийн санхүүгийн тогтолцоог ил тод болгож ирсэн. Ингэснээр өнгөрсөн хугацаанд нийслэлийн төсөвт өссөн дүнгээр 212 тэрбум төгрөгийн хэмнэлт бий болгосон.
Өнгөрсөн хугацаанд компанийн үйл ажиллагаанд нийслэл дэх төрийн аудит. нийслэлийн дотоод аудит, нийслэлийн засаг даргын тамгын газраас удаа дараа шалгасан. Тэдгээр шалгалтын үр дүнд манай компани ямар нэг ноцтой зөрчил гаргаагүй. Мөн 2021 оны арваннэгдүгээр сард хотын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг манай компани дээр бүрэн хэмжээний шалгалт оруулсан. Үүнд санхүү, төлбөр тооцооны систем, мэдээллийн аюулгүй байдал гээд бүх талаар шалгасан. Уг тайланг нийслэлийн удирдах зөвлөлийн хурал дээр танилцуулсан бөгөөд зөрчил илрээгүй. Мөн АТГ-аас шалгаж байсан. Бид өөрсдийн санаачилгаар шалгуулъя гээд хүсэлт гаргасан.
Мэдээллийн дата төв бүх зүйл нь Монголд буюу Нийслэлийн засаг захиргааны дөрөвдүгээр байранд байрладаг. Систем, дата төв нь Монголд байршиж байгаа учраас бид нийтэд хүртээмжтэй байлгах үүднээс дотоодын компаниудтай хамтран ажилласаар ирсэн. Мэдээллийг БНСУ руу явуулдаг гэдэг нь ташаа мэдээлэл юм.
Бид хотын даргыг эсэргүүцэхээс илүү нийтийн тээврийн хөгжлийг дараагийн түвшинд хүргэхээр эрмэлзэж байна. Хотын даргатай өнгөрсөн хугацаанд уулзах хүсэлт тавьсаар ирсэн хүлээж аваагүй” гэв.
Улаанбаатар смарт карт ХХК-ийн Санхүү удирдлагын газрын дарга Уянга: “Нийтийн тээврийн алдагдлыг төр өөрөө хариуцах ёстой. 2015 оноос хойш 464 тэрбум төгрөг нийслэлээс гарсан. Энэ алдагдлыг өөрсдөө тогтоолоор батлаад хүлээн зөвшөөрөөд явж байна. Энэ алдагдалд Улаанбаатар смарт картын оролцоо нэг ч байхгүй. Зардлын санхүүжилтээс манай компанид нэг ч төгрөг ирдэггүй. Хотын дарга байж боломжгүй, ноцтой, баримт нотолгоогүй, худал хуурмаг, үнэнд нийцэхгүй мэдээлэл өгч, бизнес, компанийн нэр хүндэд халдаж байна.
Өнөөдөр нийтийн тээврийн төлөвлөлт маш муу байна. Төлөвлөлт нь авто замын ачаалалд нөлөөлж байна. Нийслэл хот манай компанийн 24 хувийн эзэмшигч. Нийслэл ТУЗ-ын хуралд оролцож ажиллах ёстой. Өнөөдрийн байдлаар нэг ч хуралд оролцоогүй. Компанийг анх байгуулахад БНСУ-ын Сөүл хотын Тимони компаниас 13 сая ам.долларын хөрөнгө оруулсан. Уг мөнгийг 4.8 жилийн дотор төлөх ёстой гэж нийслэлтэй гэрээ хийсэн. Гэтэл 3 сая ам.долларыг л төлсөн. Нийтийн тээврийн орлого анхны төлөвлөгөөнийхөө 50 хувьд нь ч хүрээгүй. Компанийн хөрөнгө оруулагч нь 100 хувь гадаадын компани бөгөөд зээлийг төлөх тусам нийслэлийн эзэмших хувь нэмэгдэх ёстой байсан” хэмээв.
1 comment
Алдагдал гэж ярихгүй ээ ,та нар автобусны тэр олон зуун жолооч чин нийлээд өдөрт хэдэн төгрөг халаасалж бгөаг мэдэж бна уу. 10минутын дотор нэг жолооч 5000г олж бна ,тэнээх бүтэн өдөрт нэг жолооч хэдийг олох уу ,тэгээд энэ олон зуун жолоочдоо үржүүл .Багадаа өдөрт 20.000 бга шүү нэг жолоочын өдрийн орлого.Тэгээд ашиггүй алдагдалтай бна гээд үнээ нэмдэг бдлаа болиорой .Жолооч халааслаад алдагдлыг ард түмэн төлнө гэж бхгүй шүү.