УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар Соёлын сайд Ч.Номин “Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2003 оны зургаадугаар сарын 19-ний өдөр батлагдсанаас хойш нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн анхны бичвэрээс нэлээд зүйл, хэсэг заалт өөрчлөгдсөн бөгөөд бөх, уяач, сур харваачид олгох цол, чимэг, тэднээс допингийн шинжилгээ авах, хариуцлага тооцох зохицуулалтыг тусгажээ. Сүүлийн жилүүдэд улсын баяр наадамд түрүүлсэн, амжилттай сайн барилдаж цол, чимэг авсан бөх допинг хэрэглэсэн нь шинжилгээгээр тогтоогдож, цол, чимгээ хураалгах, хэрэглэсэн, хэрэглээгүй дээр маргалдах, шүүхээр шийдвэрлүүлэх тохиолдолд ихээхэн гарсаар байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн боловч энэ нь олон улсын допингийн стандарттай нэг талаар нийцэхгүй, мөрдөж байгаа дүрэм журмыг батлах субъектийг хуульд тодорхой зааж өгөөгүйгээс Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн хэм хэмжээний актын шаардлагыг хангаж чадахгүйд хүрч, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр хүчингүй болох тохиолдол гарч байна. Нөгөө талаас допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх зохицуулалт нь төдийлөн үр дүнтэй бус зөвхөн хэрэглэсэн бөх, харваачид хариуцлага тооцох, тодорхой хугацаанд баяр наадамд оролцох эрхийг хасах байдлаар явж ирсэн нь допинг хэрэглэхийг зөвлөж, хэрэглүүлж байгаа дасгалжуулагч, эмч, бөхийн дэвжээ зэрэг нь ямар нэг хариуцлага хүлээхгүй, энэ хөшүүрэг үр дүнтэй байж чадахгүй байна. Үндэсний их баяр наадмын тухай хуульд үндэсний шагайн харвааг зохион байгуулах талаар зохицуулалт байхгүй боловч 1998 оноос эхлэн улс, аймаг, нийслэл, сумын баяр наадамд дөрөв дэх төрөл болон зохион байгуулагдаж, өөрийн дүрмээр зохицуулагдаж ирсэн. Дээрх хууль зүйн болон практик үндэслэл, шаардлагад үндэслэн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа” гэлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, допингийн асуудал, хурдан морины уралдаанд морьдыг үүлдэр угсаагаар ялган оролцуулах тухай, унаач хүүхдийн насны хязгаар, шагайн харвааг үндэсний их баяр наадмаар зохион явуулах болсон зэрэг асуудлыг тодруулж байлаа. Соёлын сайд болон ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар хуулийн төсөлд үндэсний их баяр наадмын үйл ажиллагаанд оролцогчдын эрх үүргийг тодорхой болгож, хариуцлагын механизмыг боловсронгуй болгохоор тусгасан байна. Тухайлбал, допинг хэрэглэсэн бөх, сурын харваач, допинг хэрэглэхийг зөвлөсөн, шаардсан дасгалжуулагч, эмч, дэвжээнд олон улсын допингийн дүрмийн дагуу хариуцлага оногдуулах механизмыг хуулийн төсөл тусгажээ. Түүнчлэн Допингийн эсрэг үндэсний дүрмийг батлах хүртэлх хугацаанд хуулийн төслийн 21 дүгээр зүйлд заасан шилжилтийн үеийн зохицуулалтаар допингтой холбоотой харилцааг зохицуулах, шийтгэлийг оногдуулахаар тусгасан байна.