Францын хэвлэлүүд ойрын саруудад өсөж магадгүй хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн жагсаалт гаргажээ. Франц улс өөрөө улаан буудайн дэлхийн томоохон нийлүүлэгч хэдий ч Чикагогийн бирж дээр үнэ өсвөл гурил, үр тарианы үнийн өсөлтөөс зайлсхийж чадахгүй гэж үзэж байна.
Үүнийг дагаад талх нарийн боовны үнэ өснө гэж үзэж байна. Францын нарийн боовчдын холбооны ерөнхийлөгч Доминик Анракт сүүлийн өдрүүдэд тонн улаан буудайн үнэ урьд өмнө нь байгаагүй 400 еврод хүрснийг мэдээллээ.
– Бид одоохондоо гурилын үнэд үзүүлэх бодит нөлөөллийг анзаараагүй л байна. Учир нь гурилын үйлдвэрүүд үнэ хямд байх үеийн буудайн 3-6 сарын хугацааны нөөцтэй гэнэ. Гэвч тонн тутамдаа 400 еврогийн түвшинд хэвээр үлдвэл урт хугацааны төлөвтөө гурилын үнэ 30%-иар өсөх магадлалтай хэмээн Анракт мэдэгджээ. Үнийн цохилтод өртөх дараагийн хүнсний бүтээгдэхүүн бол гахайн мах. Гахайн утсан мах, хиамны үнэ 30%-иар нэмэгдэх магадлалтай байгаа аж.
Украины байдал Францын газар тариаланчдад сөргөөр нөлөөлж байгааг тус улсын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Седрик Хенри хэлжээ. Цаашид өндөг, тахианы махны үнэ ч өсөх төлөвтэй болж иржээ. Эрчим хүч, үр тарианаас ихээхэн хамааралтай шувуун фабрикууд бүтээгдэхүүнийхээ үнийг нэмэхээс өөр аргагүй болно. Иймээс Францын засгийн газар фермерүүддээ анхаарлаа хандуулж эхэллээ. Зөвхөн гахай, тахиа гэлтгүй сүү үйлдвэрлэлийн фермерүүд ч хамрагдах ажээ.
Эх сурвалж: ru/daily