ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны дарга, хурандаа Н.Батсуурийн санаачилгаар 2019 оноос “Үндэсний бөхийн спортыг ЕБС-ийн сурагчдад сурталчлах” арга хэмжээг зохион байгуулж эхэлсэн.
Цар тахлын улмаас түр зогсоод байсан энэхүү үйл ажиллагааны үргэлжлэл болгож, “Сүлд” спорт хорооны бөхчүүд Нийслэлийн ерөнхий боловсролын 73-р сургуулийн 200 орчим сурагчид үндэсний бөхийн талаарх ойлголт, мэдлэгийг түгээх, сурталчлах арга хэмжээг 03 дугаар сарын 15-ны өдөр зохион байгууллаа. Тодруулбал, үндэсний бөхийн өмсгөл, бэлгэ тэмдэг, цол эрэмбийн талаар мэдээлэл өгснөөс гадна барилдааны арга, мэхийг үзүүлж, сурагчдаар сургуулилт хийлгэж үзүүллээ.
Мөн энэ үеэр бөхийн дэвээ, шавааг хэн сайн үзүүлэх вэ уралдааныг зарлаж, тус сургуулийн 7В ангийн сурагч Ачит-Үйлт бусдыгаа манлайлан дурсгалын зүйлээр шагнуулсныг тус сургуулийн төгсөгч “Сүлд” спорт хорооны тамирчин, улсын начин Д.Хүдэрбулга гардууллаа.
73-р сургууль нь 2100 сурагчтай бөгөөд бөхийн төрөлжсөн сургалттай гэдгээрээ онцлог юм. Тэр ч утгаараа улсын шигшээ багийн 30 хувийг бүрдүүлдэг байна. Аливаа спорт нь хүүхдийг ёс зүйтэй, дэг жаягтай, тэвчээр хатуужилтай болгохоос гадна оюун ухааны болоод бие бялдрын хөгжилд онцгой ач холбогдолтой болохыг сургуулийн захирал Ш.Арслан онцолж байлаа.