Д.ЖАРГАЛАН
Ням гаригийн үд дунд Хан-Уул дүүргийн 10 хороо, Буянт-Ухаа спорт цогцолбортой хаяа нийлэн баригдсан Буянт-Ухаа тауэр 13 давхар барилга шатаж, амралтын өдрөө гэртээ өнгөрөөж байсан нийслэлчүүдийг тавгүйтүүлэв.
Нисэхийн замаар зорчиж байгаа иргэдийн гар утасны бичлэгээс тархсан өндөр барилгын орой рүү дүрэлзэж байгаа улаан гал орон сууцанд амьдардаг, орон сууц худалдан авах гэж байгаа хүн бүрийг айдаст автуулж, “Бид ингэхэд найдвартай барилга, орон сууцанд амьдардаг уу” гэсэн асуултыг тавихад хүргэлээ.
Цахимд тарсан бичлэгүүдээс харахад Буянт-Ухаа тауэр 13 давхар барилгын гадна талын пассад нь хөөсөнцөр байсан. Галд автсан хөөсөнцөр салхины хүч нөлөөлсөн ч, эс нөлөөлсөн ч хүрээгээ хурдан тэлж байгааг хараад харамссан иргэд дэмий л халаглаж, барилгын стандарт гэж юм Монгол Улсад мөрддөгдөг үү гэсэн асуултын хариуг эрж хайлаа.
“Монгол Базальт” ХК-ийн Үүсгэн байгуулагч Л.Ариунболд мөн олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлж “Полиуретан хөөсөөр шүршиж болохгүй, Монгол Улсын стандартаар ч хориотой гэж ОБЕГ, МХЕГ, Шадар сайд, Барилга хот байгуулалтын яаманд бүгдэд анхааруулж бичиг өгсөн. Мянгантаа сануулж байсан даа, даанч ойлгоогүй. Ийм тэсрэх бөмбөг шиг барилга хотод олон бий” хэмээн мэдэгдэв.
Мэргэжлийн хүний тодорхойлсноор “Тэсрэх бөмбөг шиг барилга”-ын нэг болох Буянт-Ухаа тауэр барилга нь нийтдээ 13 давхар, бизнес зэрэглэлийн ангилалтай төсөл болон хэрэгжиж байсан юм байна. Нисэхийн аюулгүйн тойрог, говийн аймгууд руу явдаг зам дээр байрлах төсөлдөө эзэд нь 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн захиалга авч, анх 1мк/кв талбайгаа 2.900.000 төгрөгөөр худалдаалж байжээ.
Нэг, хоёрдугаар давхар нь үйлчилгээний төв байхаар төлөвлөсөн 13 давхар барилгын м/кв талбайн үнэ одоо 3.200.000 төгрөг болон нэмэгдсэн. Архитектор, төлөвлөлт, стандарт, брэнд төхөөрөмжөөр тоноглосон, ухаалаг гэрийн системтэй хэмээн рекламдаж байсан барилгын хөөсөнцөр пассад хоромхон зуур шатаж, азаар хүний амь наснаас холуур өнгөрлөө.
Нийслэл Улаанбаатар сүүлийн 20 жилд идэвхитэй барилгажилт явагдаж байгаа. Шинээр баригдаж байгаа орон сууцны барилгуудын гадна тал дандаа хөөсөнцөр байдаг. Эдгээр барилга эрсдэлд орлоо гэхэд Л.Ариунболдын хэлсэнчлэн “тэсрэх бөмбөг” шиг хялбархан шатна. Үүнээс гадна орон сууцны барилгуудад тоогүй цууралт явагдаж байгаа.
Энэ бүгдээс Монгол Улсын барилгын салбарт стандарт мөрдөгддөггүйг харж болох юм. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 4000 орчим барилгын инженер байдаг. Барилгын компани байгуулах журмаар нэг барилгын компани байгуулахад 4-10 инженер ажиллах ёстой байдаг.
Хүний нөөцөө тооцоод үзэхээр улсын хэмжээнд 4000 биш 700 орчим компани байх боломжтой ч яг одоо барилгын салбарт 7000 мянга орчим тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг байна. Энд авлига нуугдаж, авлигын цаана аюулгүй ажиллагаа алдагдсан гэдгийг ч салбарынхан ил ярьдаг юм. Стандартгүй, аюулгүй ажиллагаа алдагдсан орон сууцны барилгуудын чанар эхнээсээ шалгалтанд өртөн шатсан бол Нийслэлийн иргэд анхнаасаа тооцоолж байгаагүй аюулгүй байдлаа сая нэг санаж, ниргэсэн хойно нь хашгиралдав.
1 comment
Tehiin zogsooliin odhuu hogiin hulgaich nohoi jiltei psda