Хөгжлийн Банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийсэн талаарх мэдээллийг УИХ-д танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд мэдээлэл өгч байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Ажлын хэсэг ес хоногийн хугацаанд ажиллаж, урьдчилсан дүгнэлтийг гаргасан бөгөөд 800 гаруй материал цуглаад байна. Үүнээс цөөн хэдийг нь яръя. Хөгжлийн Банкнаас олгосон зээлийн эх үүсвэрийн 68.9 хувь нь буюу нэг их наяд найман зуун далан дөрвөн тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаагүй олгосон бол 845 тэрбум төгрөгийг Засгийн газрын баталгаатай олгосон байна.
Монгол Улс 2023 оны дөрөвдүгээр сард БНХАУ-ын Хөгжлийн Банкны 63 тэрбум төгрөг, мөн тухайн оны аравдугаар сард бондын 1.6 их наяд ам.долларын мөнгийг төлнө. Мөн 2023 оны арванхоёрдугаар сард Японы Хөгжлийн Банкны Самурай бондын эргэн төлөлтийг хийнэ. Ингэхэд урд нь олгосон зээл хүрэлцэхгүй.
Засгийн газрын нуруун дээр их хэмжээний ачаалал ирэх төлөвтэй байна. Өнөөдрийн байдлаар Хөгжлийн Банкны эрсдэлийн сан 585 тэрбум төгрөг байсныг 1.3 их наяд төгрөг болгож нэмэгдүүлсэн. 777 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн. Нийт зээл 2012 оноос эхлэн олгогдсон. 2021 он хүртэл олгосон зээлээс 3.2 их наяд төгрөгийн зээл чанаргүй болоод байна.
Нийт зээлээс 1.2 их наяд төгрөг нь чанартай гэж үзэж байгаа. Нийт зээлийн 52 зээл нь зориулалтын дагуу зарцуулагдсан. 20 аж ахуйн нэгжийн 21 зээл зориулалтын бусаар зарцуулагдсан байна.
Зээлийг зориулалтаар нь авч үзвэл 48 хувь нь боловсруулах үйлдвэрт, 25 хувь нь барилгын салбарт, 12 хувь нь уул уурхайн салбарт бусад нь цахилгаан тээвэр, агуулах, санхүү болон даатгалын үйлчилгээнд хамаарч байна.
797.8 тэрбум төгрөгийн зээл нэг жил хүртэлх хугацаа хэтрэлттэй байна. 1-2 жилийн хугацаа хэтэрсэн 462 тэрбум төгрөг, 2-3 жилийн хугацаа хэтэрсэн 482 тэрбум төгрөг, 3 жилээс дээш хугацаа хэтэрсэн 1.1 их наяд төгрөгийн зээл байна. Хэвийн зээлтэй 20 аж ахуйн нэгж байгаа.
Анхаарал хандуулах таван зээл байна. Үүнд, Эрдэнэс Монгол, Эрчим хүчний яам, Ган-Хүдэр, Монгол Эм Импекс зэрэг компанийн анхаарал хандуулах зээл бий.
Өнөөдрийн байдлаар 21 аж ахуйн нэгж 48.9 тэрбум төгрөгийн төлөлт хийгээд байна. Амжилттай хэрэгжиж байгаа найман төсөл бий. Шалгалтын ажил үргэлжилж байна. Хөгжлийн Банк зургаан шаардлагын гурвыг нь хангаж байгаа” гэлээ.