Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдсан Монгол, Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедицийн Оросын талын эрдэм шинжилгээний удирдагч, академич В.В.Рожнов, мөн экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа, орлогч дарга Н.И.Дорофеюк, А.Д.Гунин, тэргүүлэх программист А.В.Андреев нарт шагналыг нь Элчин сайдын яамны төв байрны хүндэтгэлийн танхимд 2022 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр гардуулж өглөө.
Элчин сайд Ө.Энхтүвшин биологийн иж бүрэн экспедицийн оросын талын тэргүүлэх оролцогчдод төрийн дээд шагнал гардуулсны дараа хэлсэн үгэндээ, тус экспидеци 53 жилийн туршид тогтвортой, тасралтгүй ажиллаж, энэ хугацаанд Монгол орны амьтан, ургамлын аймгийн зүйлийн бүрэлдэхүүнийг үндсэнд нь нарийвчлан тогтоож, биологийн олон янз байдал, байгалийн нөхцөлийн өвөрмөц онцлог, зүй тогтлыг илрүүлсэн эрдэм судлалын олон зуун боть эрдмийн бүтээлийг, тухайлбал “Монгол орны байгалийн нөхцөл, биологийн нөөц” цувралаар 66 боть, “Монгол орны шавж” цувралаар 11 боть, “Сээр нуруутан амьтад” цувралаар 7 боть, түүнчлэн 100 гаруй нэг сэдэвт бүтээл туурвиж, нийтдээ 6.5 мянган эрдмийн бүтээл хэвлүүлж, “Монгол орны экосистемийн зураг” бүтээснийг онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр цааш нь, экспедицийн хээрийн судалгааны ажлын дүнд тулгуурлан хоёр орны 107 эрдэмтэн докторын, 45 эрдэмтэн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалсныг тэмдэглээд Монгол орны байгаль орчныг хамгаалах, судлах, экологийн аюулгүй байдлыг хангахад олон жилийн туршид нөр их хөдөлмөрлөж, олон арван эрдэм шинжилгээ, танин мэдэхүйн бүтээл туурвиж ирсэнд нь талархал илэрхийлэв.
Ёслолын арга хэмжээний дараагаар Элчин сайд Ө.Энхтүвшин академич В.В.Рожнов, экспедицийн Оросын талын дарга С.Н.Бажа болон шагнал гардан авсан бусад эрдэмтэдтэй дотно яриа өрнүүлж, тэдний ойрын болон дунд хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээ, ажлын талаар ярилцлаа.
Эх сурвалж: Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ