Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулагдаж буй “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган” Төрийн ордонд болж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү чуулганы үеэр Хөвсгөл нууранд тулгамдсан асуудлыг тодорхойлох, цаашид хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэх юм. Энэхүү чуулганыг нээж Төрийн тэргүүн үг хэллээ.
Ерөнхийлөгч У.ХҮРЭЛСҮХ: Хөвсгөл нуурыг хэрхэн хамгаалах талаар санал солилцож, тодорхой бодлого шийдвэрт хүрэхээр энэхүү танхимд цуглараад байна. Монгол Улсын цэнгэг усны 76.6 хувь, дэлхийн цэнгэг усны 0.6 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуур бол дэлхийн хамгийн гүн бөгөөд цэнгэг устай, хоёр сая жилийн настай, нэн эртний нууруудын нэг юм.
Монголчууд бид үзэсгэлэнт нуураа далай ээж, хөх сувд хэмээн хүндэтгэн нэрлэж, тахин шүтэж, далай ээжээс ундаалж, далай ээждээ умбан шумбадаг билээ. Хөвсгөл далай зөвхөн монголчууд бидний амьдралыг тэтгээд зогсохгүй, ОХУ-ын цэнгэг усны 90 хувь, дэлхийн цэнгэг усны 20 гаруй хувийг бүрдүүлдэг байгаль далайд цутган дэлхийн эко системийг тэтгэж байдаг.
Сүүлийн жилүүдэд хүний хэрэгцээ, аялал жуулчлал, нууранд живсэн автомашинууд, нуурыг түшиглэн, үйл ажиллагаа явуулж буй зарим нэг хариуцлагагүй аж ахуйн нэгж иргэдийн зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас Хөвсгөл нуурын эко систем алдагдах аюул нүүрлэж, нуурын ус ихээр бохирдож, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх боллоо.
Иймд Хөвсгөл нуурыг хамгаалах, зүй зохистой хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч санаачилж байгаа юм. Миний бие Ерөнхий сайдаар ажиллаж байх үедээ 2019 онд Засгийн газрын 33 дугаар тогтоолыг батлан гаргаж, 2021-2023 онд Хөвсгөл нуур орчмын эко аялал жуулчлалын бүсийг хөгжүүлэх төлөвлөгөө баталсан. Ерөнхий сайдын 2020 оны 117 дугаар захирамжаар Хөвсгөл нуурын бохирдлыг арилгах ажлын хэсэг байгуулсан нь зарим талаар үр дүнгээ өгч байна.
Далай ээжийг хамгаалах ажлыг улам эрчимжүүлэх нь манай улсын төдийгүй дэлхий нийтийн эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. 1950 оноос Хөвсгөл далайгаар бараа бүтээгдэхүүн, ачаа тээвэр тээвэрлэж ирснээс нуурын мөс цөмөрч, ёроолд нь өнөөдрийг хүртэл том, жижиг 50 гаруй тээврийн хэрэгсэл эко системийг бохирдуулж, хорт хавдар мэт байсаар байна. Хөвсгөл нуурын усны нөөц 381.000 км куб бөгөөд нуурын ёроол дахь машин техникээс 100 литр шатахуун алдагдахад усны 0.26 хувь нь бохирдох эрсдэлтэй гэсэн эрдэмтдийн тооцоо бий.
Нууранд живсэн автомашины тос алдагдвал эко системд асар их хохирол учруулж болзошгүй. Иймд нуурыг аюултай хог хаягдлаас цэвэрлэж, ирээдүйд урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай. Хөвсгөл нуур анхны байдлаасаа хэрхэн өөрчлөгдсөн талаар бодит үнэлэлт дүгнэлт өгч чадаж байна уу. Үүнд итгэл төгс хариулахын тулд шинжлэх ухааны академи, судлаачид бодит үр дүн гаргаж ажиллах шаардлагатай.
Нуурын эрсдэл болсон Сүхбаатар хөлөг далайд дахин гарахгүй ч эргийн зогсоолдоо мөнхөд зогсч, гадаад дотоодын жуулчдын үзмэр болж, усан тээврийн түүхийг өгүүлсэн бодит гэрч болсоор байх болно. Хөлөг онгоцыг амжилттай татан гаргасан нь монголчууд бид ундны цэвэр усны эх үүсвэр болсон Далай ээжээ бохирдлоос бүрэн салгаж чадах бодит үйл явдал болсон гэж үзэж байна.
Цаг уурын хүндрэлтэй нөхцөлд эр зориг, тэсвэр тэвчээр гарган, төрийн тэргүүнийхээ өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлсэн албан хаагчдадаа ард түмнийхээ нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Цаашид нууранд живсэн автомашинуудыг үе шаттай татан гаргаж, 2024 он гэхэд нуурыг живсэн автомашин, техник хэрэгсэл, хог хаягдлаас бүрэн салгах ёстой.
Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар баталсан тогтвортой хөгжлийн зорилтууд болон уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, далай ээжийн нөөцийг хамгаалахад Монгол Улс бодит хувь нэмэр оруулж байгаа юм.
Иймд цаашид шаардагдах хөрөнгө, төсөв мөнгийг бодитоор хуваарилж, жил бүрийн орон нутгийн төсөвт тусгаж ажиллана. Мөн гадаад хамтын ажиллагааны хүрээнд нуурыг эрсдэлтэй хог хаягдлаас сэргийлэх бодит төсөл хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгож байна.
1 comment
Бага идэж уугаарай гол хийж байгаа хүмүүс ажилаа сайн хийгээрэй цавчаад цавчаад яг хийдэг компанид бага оногдсоноос ажил муу болдог шүү