Сүхбаатар аймгийнхан усан бар жилийг Улсын хошой аварга малчин нэг, Улсын аварга малчин дөрөв тодорсон бахдам үйл явдлаар эхлүүлэв. Эртний түүхэнд Дарьгангын Сүрэгчин хошуу хэмээн нэрлэгдэж ирсэн энэ нутаг Монгол Улсын хэмжээнд таван хошуу мал өсч үржих хамгийн тохиромжтой бүсэд тооцогддог. Хэдэн үеэрээ мал маллаж ирсэн малч удмын үргэлжлэл улсын аварга малчин, саальчин, Хөдөлмөрийн баатрууд ч олонтой.
Энэ буухиаг Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын малчин Ж.Хундаваа, гэргий н.Чулууны хамт үргэлжүүлж Монгол Улсын “Хошой аварга малчин өрх” болсон байна. Тэд мал аж ахуйн салбарт 1960 оноос өнөө хүртэл хагас зуун жил тасралтгүй ажиллажээ. Малаа таван төрөл дээр нь өсгөж, удам дамжсан залуу малчдыг бэлтгэж, зургаан хүүхдээ малчин болгосон. Ховордож буй тэмээн сүргийн тоо толгойг нэмэгдүүлэхэд анхаарч, 2021 онд 100 гаруй толгой тэмээ тоолуулсан малчин хос “Малчин хүн хөдөлмөрлөж чадвал ямар ч амжилтад хүрч болдог” хэмээн ярьж байна. Тэд сумаасаа тодорч буй хоёр дахь Улсын хошой аварга малчин өрх бол “Өгөөмөр баг”-аас тодорч буй анхны аварга юм.
“Монгол Улсын аварга малчин өрх”-өөр тодорсон Сүхбаатар аймгийн Асгат сумын нутаг “Хүйтэн хашаат,Хиаз” хэмээх газар өвөлжиж буй тус сумын Их-Уул багийн малчин Д.Буджав, түүний гэргий Х.Цэцэгээ нарын хувьд 16 настайгаасаа мал маллаж эхэлсэн бөгөөд 44 жилийн хөдөлмөрөө төр, засагтаа ийнхүү үнэлүүлжээ. Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн тэд дөрвөн хүүхдээ удам дамжсан малчин болгожээ. “Дайрийн зээрд” хэмээх адууны өв соёлыг залгамжлан авч яваа тэрээр адууны тоо толгойгоор сумандаа тэргүүлдэг, багаасаа тодрон гарсан гурав дахь Улсын аварга малчин юм байна.
Баатруудын өлгий нутаг гэгддэг тус аймгийн Баяндэлгэр сумаас малчин М.Чулуунбатынх 2018 онд “Алтан төл”-ийн эзэн болж байсан бол энэ жил “Улсын аварга малчин” болжээ. Тэрбээр малаа таван төрөлд нь өсгөж мал сүргийн тоо толгой 3000 гаруй болсон амжилтаар бар жилийг угтсан байна. Сүргийн ихэнхийг хонь, ямаа, үхэр эзэлдэг. Улаан ямаанаас ноолуур гарган авч зах зээлд борлуулан, 50-60 сая төгрөгийн орлого олдог. Мөн ашиг шим сайтай Сэлэнгэ үүлдрийн бух тавьж, үхэр сүргээ өсгөн үржүүлэхийн зэрэгцээ махны чиглэлээр 5-10 тонн мах бэлтгэн зах зээлд нийлүүлж ирсэн ажилсаг гэр бүл мал маллах арга ухаанаа залууст зааж сурган найман туслах малчныг малжуулжээ. Өрхийн тэргүүн удам дамжсан малчин бөгөөд аав н.Мягмар нь аймгийн аварга малчнаар шалгарч байсан аж.
Дарьганга сумын I багаас “Өрнө дэрс” багийн малчин Х.Сүхбаатар, гэргий М.Улаанхүүхэний хамт Монгол Улсын аварга малчин өрх” болжээ. Тэд 1992 оноос мал маллаж, 2021 оны эцсээр 1700 гаруй толгой мал тоолуулж, малаа таван төрөл дээр нь өсгөхийн зэрэгцээ мал маллах залуу үеэ бэлтгэж, найман өрхийг малжуулжээ.
Харин Сүхбаатар сумаас аваргуудын удмыг залгаж Улсын аварга малчин төрсөн нь Б.Хатанбаатар юм. Түүний аав Б.Балжинням 2010 онд Монгол Улсын аварга малчин, ээж Г.Сумьяа нь 1989 онд БНМАУ-ын аварга саальчин болж байжээ.
Э хсурвалж: www.polit.mn