Д.ОТГОНЖАРГАЛ
Монгол Улсын Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 55 хувь нь чанаргүй зээл болон хувирч, Хөгжлийн банк 26 компанийг шүүхэд өгч, 800 гаруй тэрбум төгрөг нэхэмжлээд байгаа. Хөгжлийн банкны найдваргүй зээлд 66 компанийн зээл бүртгэгдсэн бөгөөд банкны барьцаанд нийтдээ 700 гаруй үл хөдлөх ба хөдлөх хөрөнгө байгаа юм байна.
Зээлээ эргэн төлөхөөс зайлсхийж байгаа найдваргүй зээлдэгчид болон тэдний авсан зээлийн түүх, үл хөдлөх хөрөнгийн талаар Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн, Эрсдэлийн хорооны дарга Ү.Амарбат цуврал лайв бэлтгэн олон нийтэд хүргэж эхэлсэн.
Хоёр дахь дугаараа өчигдөр Бэрэн группийн Хангай хотхоноос бэлтгэсэн Ү.Амарбаттай манай сурвалжлах баг уулзаж, Хөгжлийн банкийг тойрсон халуун сэдвээр ярилцсанаа хүргэж байна.
-Хөгжлийн банкны нийт зээлийн 55.3 хувийг чанаргүй зээл эзэлж байна гэсэн тооцоо бий. Барьцаа хөрөнгөө хурааж аваад зээлдэгчдээр өрийг нь төлүүлэх ямар боломж харагдаж байгаа вэ?
-Хөгжлийн банк нь нийт 3.2 их наяадын активтай хуулийн этгээд. Энэ 3.2 их наяадын активаа 66 ААН-д хуваарилаад явсан байна. Түүнээс 42 аж ахуйн нэгжийн 1.8 их наяадын актив эрсдэлд очиж байгаа юм. Нийт зээлдэгчдийн нийлбэр тавьсан барьцаа нь өөрөө 700 орчим тооны янз бүрийн барьцаа байгаа. Барьцаан дээр бол санаа зовох асуудал их бий.
Хамгийн түрүүнд анхнаасаа авч чадахгүй нь тодорхой хөрөнгийг барьцаалсан байгаа юм. Жишээлбэл “ирээдүйд олгох орлого” гэдэг барьцаа. Ирээдүйд энэ төслийн хэрэгжүүлээд орлого олохоороо банкны зээлийн барьцаанд тавьсан.
Хоёрдугаарт түүхийн эд. Жишээлбэл, ноолуурын компаниуд агуулах дахь ноолуураа, уул уурхайн компаниуд техник, овоолго, хүдрээ барьцаалсан гэсэн үг. Эдгээр барьцааг яагаад эрсдэлтэй гэж үзээд байна вэ гэхээр, энэ чинь байнгын хөдөлгөөн байж байдаг эд зүйл. Жишээлбэл ноолуурыг бол эдийн засгийн эргэлтэд оруулна. Банкны барьцаанд тавьчихсан юмаа гээд таван жил хадгалж болохгүй.
Уурхайн овоолгын тухайд нэг хэсэг нь ачигдаад үйлдвэр лүү орж байхад нөгөө хэсэг нь гарч ирдэг, ийм хөдөлгөөнтэй эд зүйл. Ийм барьцаан өөрөө эрсдэлтэй. Гурав дахь төрлийн барьцаа бол хөдлөх хөрөнгө. Автомашин техник тоног төхөөрөмжүүд гэсэн үг.
Ялангуяа уул уурхайн хөдөлдөг тоног төхөөрөмжүүд бол түргэн элэгдэж байдаг. Тэгэхээр барьцааны чанар жилээс жилд муудах нөхцөлтэй. Тэгэхээр нэгдүгээрт, эхнээсээ яг ийм барьцаа сонгосон нь зөв шийдвэр үү гэдэг асуудал тавигдаж байгаа юм. Хоёрдугаарт, нэгэнт барьцаанд тавьсан хөрөнгөн дээр зээлийн хяналт тавьж чадаагүй учраас барьцаагаа алдах тохиолдлууд гарсан. Би эхний лайв мэдээллээр энэ тухай хүргэсэн. Тухайлбал,
“Шинэ Яармаг” хотхон бол барьцаанд байсан хөрөнгийг шүүхдээд, шүүхийн шийдвэрээр суллаад авчихсан байгаа юм. Ингээд 90 орчим тэрбум төгрөг эрсдэлд орчихсон асуудал үүсэж байгаа юм. Хоёрдугаарт, “Шинэ Яармаг”-тай адилхан долоон барилгыг санхүүжүүлсэн асуудал энэ 66 зээлдэгч дотор байгаа. Зургаан зээлдэгчийн зээлүүд бүгд “чанаргүй зээлдэгч”-ийн ангилалд байгаа.
Сайт руу нь ороод харахаар тэд орон сууцаа, байраа зараад байна. Үнэндээ бол тэр байрууд манай барьцаанд байгаа юм. Иргэд тэр компаниуд дээр очоод, ордер бүтэн шаардахгүйгээр мөнгөө өгөөд ороод байх шиг байна. Зүгээр энгийн нүдээр харахад л ажил тараад явж байгаад орой харахад л хэдэн гэрэл асаалттай байна, ихэнхэд нь айлууд орчихсон. Хөшигтэй байна уу, хөшиггүй байна уу гээд орон сууцанд айл байгаа эсэхийг амархан мэдэж болно. Үүнд нэг их банкны нарийн мэдлэг шаардагдахгүй.
Яг ийм нөхцөл байдлаас “Бид юу руу яваад байна” гэсэн асуулт гарч, үүнд санаа зовоод байна. Яагаад гэвэл Хөгжлийн банк бол хоосон гэрчилгээ л барьцаалаад аваад үлдсэн. Яг тэр гэрчилгээгээ бариад, газар дээр нь очоод барьцааны хөрөнгөө өөрийн мэдэлд авна гэхээр тэнд нь иргэн мөнгөө төлөөд ороод суучихсан байдаг.
Иргэн бол угаасаа тодорхой “Би энд мөнгөө өгөөд суучихсан” гэж хэлээд мөнгөнийхөө баримтыг гаргаад ирнэ. Яахав, яг хууль зүйн талаасаа бол Хөгжлийн банк шууд иргэдийн байхыг чөлөөлөөд орон сууцаа авч, иргэд худалдан авалт хийсэн компаниас шүүхээр мөнгөө нэхэмжилж авах, ийм логик дараалалтай юм. Гэвч хулгайч луйварчнаас мөнгөө авч чадахгүй байсан хэрнээ жирийн иргэнийг болохоор гэрээс нь хөөж байгаад мөнгөө авах гэж байна гэхээр энд шударга ёсны тухай асуудал яригдаж эхлэх юм.
Миний хувьд банкны төлөөлөн удирдах зөвлөлд бол зээлийн шийдвэр гаргах гэж ирээгүй. Энд би цэвэр 42 аж ахуйн нэгжийн найдваргүй зээл, өрийг барагдуулахад ТУЗ-ийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилготой ирсэн. Тэгэхээр хүссэн хүсээгүй би зээлээ авахын тулд барьцаатайгаа л ноцолдох шаардлага гарна. Гэхдээ шүүхийн ажиллагаа санаа зовоож байгаа. Банк анх 42 аж ахуйн нэгжийн лист зарласан бол 25, одоо 30 орчим газартай шүүхдэж байна.
Шүүхийн ажиллагаа асар удаашралтай байна. Үнэхээр удах ч асуудал байна, зориудаар удааж байна уу ч гэж хардах нөхцөлүүд ч байна. Шүүх дээр хэрэг нэг, хоёр, гурван жил болдог. Хорь, гучин сараар гацдаг. Дандаа хурал нь хойшилдог. Хөөн хэлэлцэх хугацаа руу бол орохгүй. Гэхдээ энэ хугацаанд зээлдэгчдийн барьцаа хөрөнгө, зээлийн хүү төлөлттэй холбоотой бүх ажиллагаа зогсонги байдалд орох эрсдэл бий.
–Банк өөрөө эрсдэлийн удирдлагатай, эрсдэлийн багтай. Анхнаасаа яагаад зээлийн барьцаа найдвартай эсэхийг шалгаад, хөрөнгөө үндэслэлтэй, бодитой үнэлж аваагүй юм бэ. Энэ “алдаа”-ны ард улс төр, бизнесийн бүлэглэлүүдийн тохиролцоо байгаад байна гэсэн хардлага яригддаг. Яагаад Хөгжлийн банк энэ ажлаа хийгээгүй юм бол?
-Яг энэ асуудлаар бид дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзэж байгаа. Яагаад ингэж үзэж байгаа вэ гэхээр энэ хүрээнд танд байгаатай адил надад ч бас таамаг байгаа. Ер нь яагаад хийгдэх ёстой юмнууд хийгдээгүй, зүгээр энгийн банканд байдаг зүй ёсны тогтолцоо алдагдчихав гэдгийг хөндөхөөр цаанаа нэг хариуцах ёстой хүн гарч ирнэ. Эсвэл энэ шийдвэрт оролцсон хүмүүс гарч ирнэ.
Энэ нэр усыг яг тодорхой болгоод нэрсийг нь ширхэгчлэн ил гаргаад ажлаас нь халаад дуусах нь үр дүнгүй. Энд яг гэмт хэргийн шинж байсан юм уу, зүгээр хайнга хандсан юм уу. Үнэхээр чадахгүй байсан юм уу гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой.
Гэхдээ хууль хяналтын байгууллагад энэ тодорхой мэдээлэл байхгүй учраас бид шалгалтын явцад тогтоогоод энэ материалаа хуулийн байгууллагууд руу шилжүүлнэ гэсэн ойлголттой байна.
-Таны “Шинэ Яармаг” хороолол дээр хийсэн анхны мэдээлэл нэлээн анхаарал татсан. Тэнд 90 тэрбумын асуудал хөндөгдсөн. Компани Хөгжлийн банкны барьцаанд байсан хөрөнгөө шүүхдэж байгаад суллуулсан гэдгийг сайн ойлгохгүй байна. Хөгжлийн банк яагаад барьцаанд байсан хөрөнгөө зээлээ төлөөгүй, нэг хувийн компанид өгчхөж байгаа юм бэ?
-Үүнийг детальчилж тайлбарлах нь зөв байх. Энэ бас их анхаарал татах кэйс мөн. Хоёр ч төрлийн кэйс бий. Нэг нь зээл авах үед тухайн компани өмнө нь бий болгосон юмаа барьцаалж байгаа юм. Хоёр дахь нь болохоор, зээл аваад зээлийн хөрөнгөөр барьсан юмаа барьцаалж байгаа юм.
Жишээ нь “Шинэ Яармаг” бол хоёр дахь тохиолдол. Өөрөөр хэлбэл хуучин барьсан байсан хотхоноо барьцаалж зээл аваагүй. Хөгжлийн банкны мөнгөөр барьсан хотхоноо барьцаалж зээл авсан. Зээлдэгч болох “Шинэ Яармаг Хаусинг Прожект” гэдэг компани манай Хөгжлийн банкийг 2017 онд шүүхэд өгч, хариуцагчаар татсан байна.
Процесс 2017-2019 онд явагдаад өнгөрсөн. Бид асуудлыг материал дээрээсээ харж байгаа юм. 2017 онд шүүхэд дуудагдсан. Шүүх нийт зургаан удаа хуралдсан. 2019 оны 6-р сарын 25-ны өдөр шүүх Хөгжлийн банк “Шинэ Яармаг” компани хоёрын барьцааны гэрээг хүчингүй болгоод, манайх барьцаагүй болсон байгаа юм. Түүнээс биш банк бол өгч явуулаагүй. Шүүх дээр очсон.
Шүүх дээр банк мэдээж маргасан гэж ойлгож байгаа. Харин эцсийн шийдвэр нь ингэж гарсан. Одоо бол нүдэн дээр байр, орон сууц боссон, тэр байруудыг Хөгжлийн банкны мөнгөөр барьсан нь тодорхой байгаад байдаг. Барилгыг барьсан газар нь ч Хөгжлийн банкны барьцаанд байгаа. Гэтэл өнөөдөр банк ингээд барьцаагүй сууж байна. Бидний хамгийн энгийн ойлгодог асуудлууд ийм л өөр байгаад байна.
-Санаж байгаа бол хэргийг шүүсэн шүүгчид хэн байсан бэ?
-Шүүгчдийн нэр санахгүй байна. 2019 оны 6 сарын 25-нд гарсан шийдвэр shuukh.mn сайт дээр байгаа. Анхан шатан дээр нэг, Давж заалдах шатанд гурав, Хяналтын шатанд таван шүүгч шийдсэн. Энэ маргааныг нийтдээ 9 шүүгч шийдвэрлэсэн.
-Тухайн үед шүүгч, шүүхийн байгууллагатай холбоотой маш олон дуулиан дэгдэж байсан. Шударга бус шийдвэр гаргаж байна, ямар нэгэн байдлаар бизнесийнхний мөнгөнд автаж байна гэх мэт. Хорооллыг барьсан компани бол Ерөнхийлөгч байсан Х.Баттулга гэдэг хүний зөвлөхөөр ажиллаж байсан хүний компани. Тэр талаасаа Х.Баттулга Ерөнхийлөгчтэй холбоотой байж болох уу?
-Би бол хуульч хүн. Яг баримт, факт дээр л тулгуурлаж ярина. Одоогоор шүүгчид ямар нэгэн хэлбэрээр энэ маргаан дээр ашиг сонирхлын зөрчилд автаад шийдвэр гаргасан гэдэг баттай баримт бол алга. Гэхдээ энэ бол шалгах ёстой баримт бол мөн.
Энэ мэтчилэн Хөгжлийн банкан дээр шүүх шийдвэр гаргахдаа энгийн логикоос шал өөрөөр шийдсэн хэд хэдэн тохиолдлуудыг АТГ шалгаж байгаа. Бас түр хорооноос гарч байгаа иймэрхүү шийдвэрүүдийн талаар хэн, хэрхэн яаж нөлөөлсөн байна, банк талаасаа яаж оролцсон, нөгөө талаасаа яаж оролцсон гэдгийг шалгах, дүгнэлт гаргах ажил хийгдэж байгаа.
Энэ дүгнэлт гараад ТУЗ дэмжих юм бол гүйцэтгэх удирдлагад үүрэг болгож байна гэсэн үг. Тэгэхээр энэ нь АТГ дээр очоод тэнд эцэслэгдэх ёстой. Үгүй бол хэдэн хүний тухай тойрсон яриа болж хувираад, цаад талд барьцаа хөрөнгүүд суллагдаад байвал хэцүү.
Миний харж байгаагаар гол асуудал бол тэнд үүсчихнэ гэж үзэж байгаа. Энд нэг биш нэлээд хэдэн улс төрч, бизнесийн хүмүүсийн ашиг сонирхлын асуудал яригдана. Үүний эцсийг нь харж, арыг нь үзэж байж л шударга байдлын тухай ярих хэрэгтэй болно.
-Баримт дэлгэнэ гэдэг эрсдэл дагуулсан ажил. Өчигдөр хоёр дахь баримтаа дэлгэлээ. Найз нөхөд, хамаатан саданаар дамжуулаад энэ ажиллагаагаа зогсоогооч ээ, үүнийг л биш бол бусад нь яахав гэх мэт гуйлт, хязгаарлалтууд ирж байна уу?
-Факт бол үгүйсгэгдэшгүй факт байдаг. Барьцаа нь алга болсон, энэ нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэх мэт. Нэгэнт фактыг үгүйсгэж болохгүй учраас тухайн хувь хүн руу нь чиглэдэг юм шиг байна. Би энэ Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд одоо гурван сар болж байна. Цаашаа ч зээлийн асуудал шийдэгдтэл тодорхой хугацаагаар ажиллана.
Энэ хугацаанд би нэг ч зээлийн шийдвэрт оролцохгүй. Өөрөөр хэлбэл шинэ зээл олгох ажиллагаанд оролцохгүй. Зээл олгох гэж, зээлийн шийдвэрт нөлөөлөх гэж тэнд очоогүй. Ерөөсөө л арван жилийн хугацаанд хямралын төвшинд ирсэн байгаа энэ үед мэргэжлийн удирдлагаар хангах, удирдлагын багт ажиллах шаардлагын хүрээнд ирсэн. Тийм учраас 42 зээл зээлтэйгээ ажиллана. Энэ зээлүүдийг төлүүлэх дээр л ажиллана.
-Томоохон зээлдэгчид үл хөдлөхөө бусдад шилжүүлж, гадагшаа гарах замыг сонгох магадлалтай гэсэн болгоомжлол байна. Энэ зээлдэгчдийн гадагшаа гарах, бултах, оргох боломжуудыг хязгаарлах ямар ажлууд хийгдэж байгаа вэ?
-Тийм боломжуудыг хязгаарлах ажиллагааг гүйцэтгэх удирдлагынхаа маш идэвхтэй авч байх ёстой. Хэрвээ энэ ажиллагааг хийж байх явцад гацаа саад үүсч байгаа бол тэр талаараа Төлөөлөн удирдах зөвлөл, УИХ дахь ажлын хэсэг, иргэд, олон нийтэд нээлттэй мэдэгдэх ёстой. Энэ ажиллагаанд саад болж байна гэдэг бол эс үйлдэхгүйгээрээ гэмт хэрэг үйлдсэн хүмүүст тус болж байна гэж үзэх учраас тэр. Үүнийг хууль зүйн хүрээнд хийх боломжтой. Жишээ нь, АТГ, Эрүүгийн цагдаа газруудад мэдэгдэх хууль, эрх зүйн боломж нь байгаа.
-Жишээ нь, Хөгжлийн банкнаас УБЕГ-т зээл авсан компаниудын нэр солих, эзэмшигч солих хүсэлтүүдийг хэрэг мөрдөн шалгаж дуустал хангахгүй байх, нэр солихгүй байхыг хүссэн ийм хүсэлт ч юм уу явсан болов уу?
–Хөгжлийн банкнаас тийм бичиг явж байгаагүй юм билээ. Бид нар түр хорооны дүгнэлтдээ энэ ажиллагааг маш яаралтай хийе гэдэг санааг тусгаж байгаа.
-АТГ найдваргүй зээлдэгчдийн ямар, ямар объектыг битүүмжлээд байна?
-АТГ-аас өгсөн мэдээллээр “Гантиг Вилла хотхон” болон хэд хэдэн хөдлөх хөрөнгүүд, нэг уурхай гэх мэт газруудыг битүүмжилсэн талаар олон нийтэд мэдээлсэн. АТГ ажиллагааныхаа үр дүнг Хөгжлийн банканд мэдээлэхгүй. Бид бол АТГ-ын хийсэн хэвлэлийн мэдээнээс мэдээллээ авч байна.
Би юу мэдэж байна вэ гэвэл, 42 эзэнтэй, он сараараа олгогдсон, тодорхой мөнгөн дүнтэй, барьцаалсан хөрөнгөтэй маш тодорхой зээлүүд байна. Зээлийн мөнгө орсон, гарсан суваг нь ч тодорхой байгаа. Банк болон төрийн байгууллагууд идэвхтэй ажиллавал зээлийг эргүүлэн төлүүлэх бүрэн боломжтой. Хэрвээ энд ойлгомжгүй байдал, гацаа үүсвэл нөхцөл байдал хүндэрнэ. Өнөөдөр асуудал ингээд хүндэрчихсэн явж байна.
Харанхуй коридорт юу болоод байгааг мэдэхгүй явж байсан хүмүүс одоо тэр гудамж руугаа гэрэл тусгаад, тал талаасаа прожектор тавьж байгаад нөхцөл байдлыг гэгээтэй дүрслэн харж байгаа учраас энэ ажиллагааг зогсоох, саатуулах субъект бага гарах болов уу гэж бодож байна.
Монгол Улсын Засгийн газрын тэргүүнээс эхлээд төр, засгийн гол албан тушаалтнууд бүгд энэ асуудлыг шийдвэрлэнэ гэдэг дээр нэг байр суурьтай зогсож чадвал болно гэж бодож байна.
-Ер нь Хөгжлийн банкны зээл олголт яаж явагдаж байсан бэ. Зээл олгосон баримтууд, процедуртай танилцах боломжийг гаргаж өгч болох уу?
-Би энэ талаар шийдвэр гаргах эрхгүй, өөрөө зөвшөөрөл авч зээлийн материалтай танилцдаг субъект шүү дээ. Зээл олгох процессыг сонсоход, эхлээд төслийн санал ирнэ. Төслийн санал нь янз бүрээр ирдэг. Жишээ нь, зарим зээлүүд Засгийн газраас тогтоолтой ирж байсан юм билээ.
“Эрэл”-ийн зээлд ийм хэмжээний мөнгө олго. МАК-ийн зээлд ийм хэмжээний зээл олго, зориулалт нь ийм гээд маш тодорхой заасан тогтоолтой ирсэн тохиолдол бий. Ийм тогтоолгүй компаниуд төслөө ирүүлдэг, материалыг нь Зээлийн хороо, Эрсдэлийн хороо нь шалгаад барьцаа хөрөнгөө үнэлээд, боломжтой гэж үзвэл шийдвэрлэдэг. Зургаагаас дээш тэрбумын зээлийг ТУЗ шийдвэрлэдэг. Үүнээс бага бол гүйцэтгэх захирал нь бие даан шийдвэрлэдэг ийм дүрэм журам байсан.
Эхний ээлжид банк дандаа бүхэл дүнгээр зээл олгож байсан. Гүйцэтгэх захирлын гарын үсгээр гарсан 5.8 болон 4.1 тэрбум гээд 6 тэрбумаас бага дүнтэй зээлүүд дотор чанаргүй зээл нэлээд байгаа. Хөгжлийн банкны захирлаар 5 хүн ажиллаж байсан. Хэн захирлын үед ямар зээл гарсан бэ гээд хөөгөөд үзвэл зээл болгонтой холбоотой хариуцлагын асуудал яригдах нөхцөл үүсэх байх.
Цаашдаа бол Хөгжлийн банкнаас зээл хүссэн төслүүдийг олон нийтэд ил тавиад асуудлыг цэгцэлж эхлэх ёстой гэж үзэж байгаа. Мөн зээлийн холбогдох дүгнэлтүүд ч ил тавигдах байх. Яагаад гэвэл энэ бол нийтийн мөнгө.
Төсөл бичиж байгаа хүн Хөгжлийн банканд хандахдаа олон нийтийн шүүлтүүрээр орж байх ёстой гэж бодож байна. Анзаарвал, бид ийм нэг соёл тогтоогоод байгаа. Жишээлбэл, ХЭҮК-д гишүүн болох гэж байгаа хүн Нээлттэй сонсголоор орж, өмнө нь хэн нэгнийг гомдоож байсан эсэх, олон нийтийн дундах нэр хүнд нь ямар вэ гэх мэт асуудлаа нээлттэй болгодог.
Үүнтэй ижил улсын, нийтийн 300 тэрбум төгрөгийг авах гэж байгаа хүн ч тестэд орох ёстой. Хэр зэрэг найдвартай бизнесийн түүхтэй юм, төсөл нь хэр зэрэг бүтэмжтэй юм гэдэг үнэлгээг хийлгэж байж, цаашид ийм асуудал давтагдахгүй байх ийм боломж байна гэж үзээд байна.
1 comment
Сайхан бүтэхгүй гар уу үгүй юу. Юун түрүүнд хууль гэж ярих гэж байгаа бол чи өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй этгээдэд зүй ёсоор тооцогдоно. Та нар ХЗХ-ны 16 жилийн өмнөх эмгэнэл шиг юм хийхгээгүй юм бол яах гэж анхнаасаа ийм элий балай хэлэлцүүлэг энэ тэр гэж эргүүтцгээсэн юм. Улс төрийн шоу чинь та нарыг баллаж орхино. Баатар болох гэж байж бантан хутгахыг чинь ард түмэн л төлж барагдуулна. Зүгээр л мэргэжлийн санхүүч, ямар нэг нам улс төртэй холбоогүй хуульчид орж ажиллах нь тэнцвэртэй тэгш байна гэдэг энгийн логикийг ойлгохгүй байж яасан ч их логик ярих дуртай нөхөр вэ….