Иргэний нисэхийн үндэсний төвийн ажлын цагийн хуваарь өөрчлөлт орж, мөрдөгдөж эхэлсэн талаар өнөөдөр /2022.02.16/ тус газраас мэдээллээ.
Өнгөрсөн онд ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба нэгжүүдийн албан хаагчдаас ажлын цагт өөрчлөлт оруулах тухай удаа дараагийн санал асуулга явуулж, тус санал асуулгын үндсэн дээр туршилтаар ажлын цагийг 08:00 – 16:30 болгон өөрчилсөн. Ингэхдээ цайны цагийг 30 минутын хугацаатай болгож албан хаагчдийн санал хүсэлтийн дагуу ажлын цагийн өөрчлөлтийг дахин хийх болсон. Тэгвэл энэ оны эхнээс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад “Амарч, хооллох цагийг 1 цагаас доошгүй байлгана” гэж заасны дагуу энэ сарын 01-ээс эхлэн ажлын цагийг 07:30 – 16:30 болгон өөрчилж, мөрдөж эхэллээ.
Тус ажлын цагийн өөрчлөлт 2022 оны хоёрдугаар сарын 01-ээс зургаадугаар сарын 01, 2022 оны есдүгээр сарын 01-ээс арванхоёрдугаар сарын 31-ны өдрийг хүртэл мөрдөгдөх юм байна. Албан хаагчдын замын түгжрэлд өнгөрүүлдэг хугацааг багасгах зорилгоор оновчтой шийдэл эрэлхийлж, албан хаагчдаас нээлттэй санал асуулга авч, үр дүнд нь үндэслэн тус өөрчлөлтийг хийсэн юм.
Ажлын цаг 16:30-д дуусдаг болсоноор албан хаагчид гэртээ нэгээс хоёр цагийн өмнө харьж гэр бүл, хобби сонирхолдоо гаргах хугацаа тэр хэмжээгээр нэмэгдсэнийг судалгааны үр дүн харуулж байна. Түүнчлэн сургууль, цэцэрлэг эхэлсэн үед ИНЕГ, ИНҮТ-ийн харьяа алба, нэгжийн ажлын цагт өөрчлөлт оруулсанаар түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах ажилд гар бие оролцож байгаа хэрэг юм гэж тэд үзэж байна.