Оюутолгойн гүний уурхайн ажиллагааны нээлтийн ёслол өнөөдөр /2022.02.25/ Оюутолгой компанийн уурхайн цогцолборт эхэллээ. Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Н.Тавинбэх, “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, Зэсийн групийн захирал Б.Болд, “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес нар болон бусад зочид төлөөлөгчид оролцож байна.
Гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн боллоо Covid-19 цар тахлын хязгаарлалтууд нөлөөлж буй хэдий ч гүний уурхайн огтлох малталтыг эхлүүлэхэд техникийн болон үйл ажиллагааны талаас бэлэн болжээ. Уурхайн талбар дээрх орон байрны зохицуулалт, ажиллах хүчний түвшин өнгөрсөн улиралд сайжирсан буюу төлөвлөгөөт шаардагдах түвшний 60-70 хувьд хүрсэн байна.
2021 оны арванхоёрдугаар сарын төгсгөлийн байдлаар төсөлд цар тахлын нэмэлт хязгаарлалттай холбоотой 175 сая ам.долларын нэмэлт зардал үүсчээ. Гүний уурхайн олборлолтын чухал хэсэг болох Налуу амыг үндсэн уурхайтай холбох ажлыг гүйцэтгэж, материал тээвэрлэх нэгдүгээр системийн барилгын ажлыг амжилттай дуусгажээ. Ойрын хэдэн долоо хоногт багтаан улсын комисс хүлээн авна гэсэн тооцоололтой байгаа аж.
Агааржуулалтын хойд амын нэвтрэлтийг аравдугаар сард эхэлж, газрын гадаргаас доош 148 метрийн нэвтрэлт хийжээ. Агааржуулалтын урд амын нэвтрэлтийн бэлэн байдлыг хангах ажил үргэлжилж буй юм. Нэвтрэлтийн тоормосны системийн нэгд гарсан төлөвлөөгүй засварын ажлаас үүдсэн саатлыг үл харгалзан бэлтгэл ажлыг 2022 оны нэгдүгээр улиралд дуусгах хүлээлттэй байгаа юм байна. Агааржуулалтын урд, хойд амын ашиглалтад орох хугацаа өнөөг хүртэл мэдэгдэж буй Covid-19 цар тахлын нөлөөллөөс үүдэн есөн сараар хойшлохоор байгаа аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нөөцийн тодотгол тайланг холбогдох хууль, журмын хүрээнд бүртгэж, 2022 оны уулын ажлын төлөвлөгөөг хүлээн авчээ. Шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Covid-19 цар тахлын нөлөөлөл, огтлох малталтын техникийн бус шалгуур үзүүлэлтийг хангах зэргээс огтлох малталтыг эхлүүлэх хугацаа хамаарах тул гүний уурхайн анхны тогтвортой үйлдвэрлэл 2023 оны нэгдүгээр сараас өмнө эхлэх боломжгүй болсон байна. Огтлох малталтыг дуусгах болон цар тахлын хязгаарлалтын хугацаа тодорхой болж байж цаашид төслийн нэгдсэн төсөвт үзүүлэх нөлөөг бүрэн тооцоолох боломжтой болох аж.
Гүний уурхайн олборлолтыг (огтлох малталт) эхлүүлэхийн тулд хийх ёстой бусад ажлуудад, Гүний уурхайн төслийн санхүүжилтийг 6.75 тэрбум ам.доллар болгохыг батлах, тухайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлах болон Оюу толгойн уурхайг урт хугацааны, найдвартай дотоодын эрчим хүчээр хангах шийдлийг олох хүртэл одоо байгаа эрчим хүчний гэрээг сунгах ажил багтаж буй юм.